Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон цагаан сарын баяраар харилцагчдадаа гэнэтийн бэлэг барьсан. Тэрбээр томоохон аж ахуйн нэгжүүдээ түүчээлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан 200 мянган харилцагчаа үнэ төлбөргүй вакцинд хамруулахаа цэнхэр дэлгэцээр мэдэгдсэн юм.
О.Орхон захирал "Банкны 30 жилийн ой, мөн нийгмийн хариуцлагынхаа үүднээс дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа “Астра зенека”, ОХУ-ын “Спутник-V” вакцины 200 мянган тунг банкны зардлаар ойрын хугацаанд оруулж ирэн харилцагч нараа үнэ төлбөргүй вакцинжуулна" хэмээн мэдэгдсэн. Гэвч О.Орхон захирлын үг ажил хэрэг болсонгүй, Худалдаа хөгжлийн банкны харилцагчид үнэгүй вакцинаа сурагласаар байна.
Дэлхий нийт коронавирусийн вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийж буй. Манай улс ч насанд хүрсэн бүх иргэдээ үнэ төлбөргүй вакцинжуулахаар шуурхайлан ажиллаж байна. Харин О.Орхон захирлын харилцагчдадаа өгсөн тусгай амлалт тэрхэн агшны үг төдий байсныг өнөөгийн нөхцөл байдал харууллаа.
В.Бат