МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын начин Э.Энхбатын асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна. ЦЕГ-ийн Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Б.Баатархүү:
-Дөрөвдүгээр сарын хоёронд Хан-Уул дүүрэгт хүмүүс архи ууж, зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгасан. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улсын начин Э.Энхбат нарын асуудлыг цагдаа шалгаж байгаа. Э.Энхбатын биеийн байдал хүнд байна. Сэжигтэн Н.Түвшинбаяраас мэдүүлэг авсан. Н.Түвшинбаяр хорих 461 дүгээр ангид хорьж, Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа хэмээн мэдээлэв.
Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл:
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Юунаас болж маргалдсан бэ?
-Маргаан юунаас болов гэдэг дээр шалгаж байна. Мөрдөн шалгалтын явцад тогтооно.
-Э.Энхбатын биеийн байдал ямар байна вэ?
-ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас авах нь зөв.
-Н.Түвшинбаярын биеийн байдал ямар байна вэ?
-ШШЕГ-т биеийн байдлын талаар дүгнэлт хүргүүлсэн. Биеийн байдал нь хэвийн гэж үзээд мөрдөн шалгаж байна.
-Хэзээ хорьсон бэ?
-Урьд шөнө хорьсон.
-Өөр хүнээс мэдүүлэг авсан уу?
-Холбогдох гэрчүүдийг шалгаж байна.
-Ямар үндэслэлээр шалгаж байна вэ?
-Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэдэг үндэслэлээр шалгаж байна. Мөрдөн байцаах явцад хэр өөрчлөгдөхийг мэдэхгүй байна.
Н.Нягт