Монголбанкнаас Зээлийн мэдээллийн сангийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх зорилгоор цахим уулзалтыг сэтгүүлчдийн дунд өнөөдөр /2021.04.028 зохион байгууллаа.
Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа 1997 оноос эхэлсэн. Зээлийн мэдээллийн сан нийт 533 байгууллагатай мэдээлэл солилцох гэрээ байгуулжээ. Үүнд банк, ББСБ, үнэт цаас, харилцааны холбооны оператор компаниуд багтдаг. Зээлийн мэдээллийн санд одоогоор 32 их наяд төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн мэдээлэл хадгалагдаж байгаа. Үүний 17 их наяд орчим нь банкны салбарынх, үлдсэн нь бусад салбарын зээл, төлбөрийн мэдээлэл аж.
Монгол Улсад 580 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 400 нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээллээ нийлүүлдэг аж. Энэ сангаас өдөрт 66 орчим мянган зээлийн мэдээллийг аж ахуй нэгжүүд авч ашигладаг байна. Зээлийн түүхчилсэн лавлагаанд зээлийн олголт, үлдэгдэл, ангилал, хугацаа зэрэг мэдээлэл тусгагдаж байгаа.
Дэлхийн 199 орон Улсын зээлийн мэдээллийн сантай. Үүний нэг нь Монгол Улс. Харин 115 орон нь хувийн хэвшилд тулгуурласан зээлийн мэдээллийн сантай. Монголбанкны зүгээс хувийн хэвшилд Зээлийн мэдээллийн санг хариуцан хөгжүүлэх боломжийг олгохгүй байгаа талаар шүүмжлэл гарсан.
Үүнд Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр “Шаардлага хангасан аж ахуй нэгжид тусгай зөвшөөрлийг нь өгөх боломжтой. 2016-2017 онд хүсэлт өгсөн компаниудын дотоодын засаглалын асуудал маш хүнд байсан. Хуульд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаа эрхлэх боломж дутмаг, нууцлал аюулгүй байдал алдагдах боломжтой компаниуд байсан учраас Монголбанк тусгай зөвшөөрлийг өгөөгүй” гэв.
Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн мэдээлэл зургаан жилийн турш хадгалагдаж байна. Зарим улсад энэ мэдээллийг 10 жил ч хадгалдаг аж. Чанаргүй зээлийн мэдээллийг устгаж, залуучуудад боломж олгох хүсэлт, шаардлагыг иргэдээс тавьдаг.
Үүнд С.Ганбаяр “Банк чанаргүй зээлийг барагдуулахад маш их зардал гаргадаг тул дампуурах эрсдэл байдаг. Харин зээлийн мэдээллийг ашигласнаар эрсдэл буурч, тогтвортой үйл ажиллагааг явуулах нөлөөг үзүүлж байгаа. Мөн зээлээ сайн төлдөг иргэн, аж ахуй нэгжийг урамшуулдаг. Хангалтгүй төлдөг, санхүүгийн дутагдалтай иргэн, аж ахуй нэгжийг хязгаарлаж, зээлдүүлэгч байгууллагад анхаарах боломжийг Зээлийн мэдээллийн сан өгдөг. Сүүлийн үед пинтек зэрэг технологиор дамжуулан зээлийг хурдтай гаргах нөхцлийг Зээлийн мэдээллийн сан бүрдүүлж өгч байгаа” гэлээ.
Дэлхий нийтэд 2014-2016 онд түүхий эдийн үнэ буурсантай холбоотойгоор Монголын эдийн засагт цочрол үзүүлсэн. Үүнтэй холботойгоор чанаргүй зээлийн хувь буурахгүй байгаа аж.
Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийт 1.2 сая орчим иргэний, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 12-13 мянган аж ахуй нэгжийн нийт 10-аад сая зээлийн мэдээлэл байна.
Г.Сүрэн
Уншиж байна |