Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд байлдагч амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
-Байлдагчийн ар гэрт таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний тэтгэлэг олгоно-
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг "Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсч байна.
Хэрэг гарсантай холбогдуулан байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэх ослын улмаас нас барсан гэдэг үндэслэлээр Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн дагуу ар гэрт нь 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг, оршуулгын зардал олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан. Цагдаагийн байгууллагын шалгалтаар архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Танхай эсвэл өөр сэдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Мөнгө нэхсэн асуудлыг ар гэрийн зүгээс ярьсан. Урьдчилсан байдлаар Э гэх байлдагч тухайн ангид байгаа нь тогтоогдсон. Мөнгө авдаг нөхцөл байдал тогтоогдсон. Хэдий хэр хэмжээний мөнгө авсан тухай одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Аливаа хэрэг, зөрчил, осол гарсан тохиолдолд ангийн захирагчаас эхлээд бүх албан хаагчид өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэсэн эсэхийг шалгаж сахилга, шийтгэлийн асуудлыг ярьдаг. Үүний дагуу шат дараатай хариуцлага тооцно" гэв.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар "Хэрэг, зөрчилтэй холбогдуулан Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Анги бүрэлдэхүүнээрээ хээрийн сургалтад гарсан хойгуур үлдсэн харуулын бүрэлдэхүүн дунд энэхүү харамсалтай хэрэг гарсан байна. Мөн цэргийн алба хаагчид олон ажилчид Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх журамтай ч коронавирусийн халдвартай иргэдийг тус эмнэлэгт эмчилж байгаа учраас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлж байгаа" гэж мэдээллээ.
Мөн офицер байлдагчтай зүй бус харилцсан зөрчил гарсан. Түүнээс цэргийн ангид оны ялгаа гэж байхгүй, алба хаах нөхцөл сайн гэдгийг ЗХЖШ-ын удирдлагууд тодотгов.
Б.Итгэл