Төрсөн дүүгээ хөнөөж, цогцсыг нуусан хэргийн шүүх хурал хойшиллоо
2021-03-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй Г гадны нөлөөтэй нас барсан хэрэг өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан.

 

Охин амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд хаясан байж болзошгүй хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2004 онд төрсөн 18 настай Г-г холбогдуулан  мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

 

Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлээд байв. 

 

Шүүгдэгч Г-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлосон. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Ковид-19 цар тахлын халдвартай хүний ойрын хавьтагч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлтийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин