Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн татварын газрын дарга Б.Цогтнаран "Нөөцийн мах Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл НӨАТ-гүй үнээр иргэдэд худалдаагдаж байна. Худалдаанд хяналт тавих зорилгоор цахим төлбөрийн системд холбогдсон байх шалгуурыг борлуулагч нарт тавьсан.
Иргэдэд очих цахим төлбөрийн баримт сугалааны дугаартай байна. Харин нөөцийн мах НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа учраас буцаан олголт бодогдохгүй юм" гэж мэдээллээ.
Нийслэлийн Мал эмнэлгийн, хяналт эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн "Хаврын махны хэрэгцээг хангах зорилгоор аж ахуй нэгж байгууллагууд хөдөө орон нутгаас мал, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн Улаанбаатар хотод бэлтгэн нийлүүлж байгаа. Агуулахад хадгалагдаж байгаа махны чанар аюулгүй байдал, нөөцийн бүрдүүлэлт тоо хэмжээнд хянан шалгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Махны шинжилгээнд Нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, хөдөө орон нутгийн лабораториуд шинжилгээ хийсэн.
Лабораторийн сорилын дүнгийн баталгаажилтаар мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ны өдрөөс эхэлсэн. Нийт 322 дэлгүүрээр нөөцийг махыг худалдан борлуулж байна. Өмнө нь худалдан борлуулж байсан дэлгүүрүүдийг өөрчилж солиогүй гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.
Б.Итгэл
Уншиж байна |