ЭМЯ-ны авлигын хэрэгт холбогдсон ажилтнуудын шүүх хурал дахин хойшиллоо
2021-03-29
Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо. 

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа. 

 

Уг эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-03-29/ тус шүүхэд болов. 

 

Шүүх хуралд шүүгчдэгч Р.Октябрь нь Ковид-19 халдварт өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болсон тул 14 хоног тусгаарлалтад орсон, мөн шүүгдэгч Н.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй зэрэг үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

 

Өмнө нь гуравдугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хуралдаанаар шүүгчдэгч Б.Ганзориг, Р.Октябрь, М.Золтуяа, Н.Мөнх-Эрдэнэ нар өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд  шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. 

 

Шүүх хурал ийнхүү дахин хойшиллоо. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Бөөн авилгачид эм бол маш том бизнес
2021-03-30