Шинэ цагийн чимээ буюу Ардчилагчдын эвдрэл, эвлэрлийн түүх

Ардчилсан нам эвлэрэх эсэх дээр анхаарал төвлөрч байгаа энэ үед эвдрэл хуваагдлын талаар бичих уг нь билэггүй. Гэхдээ одоо үүссэн шиг нөхцөл байдал өмнө нь ч байсан гэхдээ даваад гарсан, давж гарахдаа эвлэж байж л давсан гэдгийг ойлгуулахын тулд бичихээс аргагүй.
1992 он-5 суудал /Эвлээгүй байх үе/
Монголд ардчилсан хөдөлгөөн үүсч, хүчээ авч байх үед Ардчилсан холбоо гэсэн ганц шошоготой байсан ардчилагчид МАХН /одоогийн МАН/ санаа нь амарсан ч юм уу, эсвэл олон намын тогтолцоо гэдэг нэрэндээ нийцэх гэсэндээ ч юм уу, анхны ардчилсан сонгуульд тусдаа олон нам болж ороод навс ялагдсан байдаг. МАХН 76 суудлын 70-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол сөрөг хүчин ердөө таван суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь ч МАХН-ын гишүүн байсан юм. Зарим нэг хүний “Ардчилсан хувьсгалын үед МАХН-ыг татан буулгах байсан юм” гэдэг харамсал эндээс эхтэй. Гэхдээ ирээдүйд ялах гол зэвсгээ олж харсан нь ардчилагчдын хувьд энэ сонгуулийн гол ач холбогдол байсан юм. Тэр зэвсэг нь эвлэл, эвлэрэл байв.
1996 он-50 суудал /Эвлэсэн/
Сонгуульд МАХН үнэмлэхүй ялсан ч сонгогчдын саналаар авч үзвэл арай өөр тоо гараад байдаг. Тиймээс дараагийн сонгууль ардчиллаар овоглосон бүх намууд нэгдэж ороод өмнөх суудлаа 10 дахин олшруулж 50 суудал аван, түүхэндээ анх удаа ялалт байгуулсан юм. Харамсалтай нь 25 суудалтай хүчирхэг сөрөг хүчин МАХН-д дэгээдүүлсээр, дээр нь дотроо хагарснаар нэр хүндээ алдсан түүхтэй. Сөрөг хүчний бүлгийн дарга Н.Энхбаяр Засгийн газрын хувь заяагаар тоглоход хамгийн их үүрэг гүйцэтгэж байсан хэр нь “Ардчилагчид засгийн эрхэнд гарахаар төр тогтворгүй байна” гэсэн суртал ухуулгыг байнга явуулж байв.
Юм л бол завсарлага аваад, хурал хаяад байсан МАХН-ы шантаажийг багасгахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хууль батлах үйл явцыг хөнгөвчлөөд орхитол Үндсэн хуулийн цэц гацаасан түүхтэй.
2000 он-1 суудал /Эвдэрсэн үе/
“Тогтвортой байдлыг хүссэн” монголчууд 2000 онд эрх мэдлийг МАХН-д шилжүүлж 72 суудлыг өглөө. Салж бутарсан Ардчилсан намын хэлтэрхийнүүдээс МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэлээс ганц Ж.Наранцацралт ялж, шинээр байгуулагдсан ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ. Гэсэн ч сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авдааг хэвээрээ, сонгуулийн тогтолцооны гажиг, жижиг мажоритар системийн дутагдалтай тал, сонгуулийн хуулийн парадокс гэсэн яриа гарч эхлэв.
МАХН үнэмлэхүй олонх болж, сөрөг хүчин ажил саатуулах ямар ч үндэсгүй боллоо. Даажинтай нь, 1999 онд АН олонх байх үед баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАХН үнэмлэхүй олонх байхдаа тэр чигээр нь батлахад Үндсэн хуулийн цэц нүдээ аниад өнгөрсөн түүхтэй. Эрх баригчдад илүү ашигтай тэрхүү өөрчлөлт түүхэнд “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн үлдсэн билээ.
2004 он-35 суудал /Эвлэрсэн үе/
Сонгуульд навс ялагдсан ардчилллын төлөөх намууд / Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг/ нэгдэж, 2000 оны арванхоёрдугаар сарын 26-нд одоогийн Ардчилсан намыг байгуулсан ба, ингэж эвлэсэн анхныхаа сонгуульдаа 36 суудал авч МАХН-тай эн зэрэгцлээ. Өөр хоорондоо эвлээд зогсохгүй “Эрэлийн” гэх Ш.Эрдэнэбатын байгуулсан “Эх Орон Нам”-тай эвсэж, "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан орсноор бат авдаг 40 гаруй хувийн саналаа чулуу болгож дөнгөсөн. Гэхдээ зовлонгоос ангид байж чадсангүй, алдаа оноотой дөрвөн жилийг туулж барсан билээ.
2008 он-28 суудал /Эвлэсэн үе/
Эвдрэл эвлэрэлийн асуудалгүй цэгцэрсэн анхны сонгуульдаа Ардчилсан нам 28 суудал авч хүчирхэг цөөнхийг бүрдүүллээ. Гэхдээ үнэн хэрэгтээ сонгуулийн дүн хэрхэн гарсныг хэн ч үл мэднэ. Гэхдээ ямартай ч үнэн зөв гарагүй гэдэгт иргэдийн ихэнх нь зөвшдөг. Тийм учраас ч юм уу, эс бөгөөс ардчиллын талд саналаа бат өгдөг өнөө 50 орчим хувь чинь бодитой оршин, сонгуулийн дүнг хачирхан ярилцсаар байснаас ч болсон уу, ялсан намын дарга С.Баяр ирэх дөрвөн жилд Ардчилсан намтай хамтарч засаглах санал тавьсан юм. Гэхдээ санал тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа дэрх хоёр том шалтгааны талаар дурдаагүй, Монгол үндэстний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын эдийн засгийг олон жил тодорхойлох учиртай Оюутолгой, Тавантолгойн том төслүүд хөдлөх хариуцлгатай ажлыг хамт хийе гэсэн агуулга хэлсэн байдаг. Түүний санал нэг хэсэгтээ л АН-ыг талцуулж байв.
2012 он-34 суудал /Эвлэсэн үе/
Нийт сонгогчдын тал нь бат дэмждэг АН үе, үе навс ялагддаг хуучтай байсан нь эвдрэл талцлаас гадна жижиг мажоритар тогтолцооны парадокс гэдэг оноштой байсан. Тэгвэл 2000 оноос хойш яригдсан сонгуулийн тогтолцооны гажгийг засах анхны оролдлого 2012 онд болж, монголчууд анх удаа холимог системээр сонгууль явуулахад Ардчилсан нам 34 суудал авч хүчээ харуулсан.
2016 он-9 суудал /Эвдэрсэн үе/
Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө Ардчилсан намын лидерүүдийн нэг Н.Алтанхуяг Монголд “Шударга бусын хонгил” байгаа талаар мэдэгдэл хийснээр энэ намын дотор байсан эвдрэл талцал ил болж сонгуульд ялагдах эхлэлээ тавьсан юм. 2016 оны навс ялагдлыг хүмүүс Ч.Сайханбилэгийн “Эрдэнэт” үйлдвэр 100 хувьд Монголынх болсон” хэмээх мэдэгдлээс болж сонгууьд ялагдсан гэдэг ч үнэндээ бол эвдрэл талцал л байсан. Сонгуулийн хувь заяаг нэг тийш нь илт хэлбийлгэх хэмжээний олон хүн “Эрдэнэт”-ийн хувьчлал УИХ-аас гадуур явчихаж гэдгийг Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс ухаж ойлгосон, улмаар МАН-д санал өгсөн гэвэл хэтэрхий дэгс болно.
2020 он-11 суудал
Цар тахлын хүнд нөхцөлд явагдсан сонгуульд эрх баригчид маш давуу талтай оролцсон. Сөрөг хүчин иргэдтэй тулж уулзах боломж хязгаарлагдмал байсан бол МАН сонгуулийн сурталчилгаагаа ганц хүн дээр төвлөрүүлж явуулах стартеги барьж, тэр хүн нь байнга зурагтаар гарсаар дахин үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байсан нь энэ ялалтад ихээр нөлөөсний дээр М.Энхболдыг унагасныхаа үр шимийг үзчих бодол сонгогчдын дотор байсан нь үр дүнд нөлөөлсөн.
2024 он-?
2020 оны сонгуулийн дараа Ардчилсан нам хоёр хуваагдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус, тусдаа даргаа тодруулж байна. Энэ бол Ардчилсан намын хувьд эмгэнэл мөн. Гэхдээ энд нэг сайн тал бий. Жирийн иргэн хүний нүдээр харахад, Ардчилсан нам хуваагдахдаа хууччуул, шинэчүүл гэж ялгарчээ. С.Эрдэнийн талд Ардчилсан намыг 30 жил удирдаж, удирдалцаж, хор найруулж сайн муу бүхний эх сурвалж болж ирсэн өнөө Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав мэтийн хүмүүс байгаа юм байна. Харин Ц.Тувааны талд ардчиллын үзэл санаа тээгч болон төлөвшиж яваа, мэдлэгтэй, ажил хэрэгч шинэ залуу үеийн төлөөлөл байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгохдоо С.Эрдэнийн талынхан МАН-д зөөлхөн боорцог шидэх юм байна, харин Ц.Тувааны тал хатуу боорцог шидэх ажээ.
Намд ийм ялгарал явагдаж байгаа юм байна, цаашид хэнийг нь харж явах ёстой юм бэ гэдэг баримжааг жирийн гишүүдэд өгсөн гэдгээрээ энэ талцлыг ашигтай гэж хэлж байгаа юм. Ардчилсан намын түүхэнд хүнд цаг үе тохиож байгаа ч гэсэн О.Амартүвшин, О.Цогтгэрэл зэрэг намыг цааш нь үргэлжлүүлж авч явах чадвартай залуусын үе ирж байгаа гэдгийг ойлгуулснаараа энэ талцал ач холбогдолтой байлаа. Дээрх залуусын нэр Ардчилсан Монголын улс төрд цаашид хол явна гэдэгт итгэлтэй байна. Шинэчлэлийг хийхэд өөрийн гэсэн жор бий. “Шинэчлэл” гэж ярьсан хуучин хүн, хуучин хүний гар хөл бологчоос илүү шинэ хүнийг сонгох нь өөрөө бодитой шинэчлэлийн эхлэл болдог. Тэр утгаараа нэг нь Ардчилсан намын даргаар сонгогдчихоосой гэж дээрх залуусыг онцолж байгаа юм.
Харин дараагийн алхам бол эвлэрэл. Дээр олонтаа дурдсанчлан, ардчилсан намын гол давуу тал, эрдэнэс бол эвлэсэн үед нь бол хэзээ ч дэмжихэд бэлэн, эвдэрсэн үед нь МАН руу үл ялиг хэлбийчихдэг ардчиллын мэдрэмжтэй сонгогчид юм. Нийт сонгогчдын 50 орчим хувийг баараггүй эзэлдэг эднийхээ хүчийг ашиглахын тулд Ардчилсан нам эвлэх ёстой. Ингэж байж л жаахан ч гэсэн боломж гарна. Үнэндээ “Женко”-той сүжирч гүйсэн гэх Ц.Туваан, “Женко”-гоос намаа салгаж авна гэж “шүд зуусан” С.Эрдэнэ хоёрын балаг Ерөнхийлөгчийн сонгуулиар дуусаасай гэх хүн Ардчилсан намын энгийн гишүүд дотор олон байна. Ардчилсан намыг дэмжигчид хэн нэг баатрыг биш, ардчилсан үзэл санааг дэмжигчид байдаг. Өнгөрсөнд эвлэрч, эвдрээд зурвасхан ч гэлээ хугацаанд засгийн эрхийг барихдаа шинэчлэлийн чанартай олон ажлуудыг хийж амжуулсанд нь талархдаг. Цаашид үргэлжлүүлээсэй гэсэндээ тууштай дэмждэг билээ. Энэ утгаараа ардчилсан намын ялалт ардчиллын ард түмний ялалт байсан. Яагаад гэвэл Монголд ардчиллаас өөр зам байхгүй, байх ч ёсгүй юм. Тиймээс ард түмэн Ардчилсан нам эвлэхийг хүсч байна.
Б.Булган
СЭТГЭГДЭЛ БИЧИХ