Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван хувийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны "Нарантуул" тооцооны төвийн салбарт ажиллалаа.
Тус банкны зүгээс "Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ний хооронд бизнесийн зээлийн аян зарладаг. Өнгөрсөн 2019 онд нийтдээ 24 мянган зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээлтэй байсан бол 2020 онд 30 мянган зээлдэгчид 2.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 26 мянган зээлдэгчийн 1.3 их наяд төгрөгийн зээл төлөгдөгдөөд эцсийн үлдэгдлээр 28 мянган зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцтай болсон. Жижиг бизнес эрхлэгчид голдуу дөрөвдүгээр сараас зээл авдаг. Томоохон төслүүд 5-6 дугаар сараас зээл авч бизнесийн зээлийн аян эрчимждэг.
Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой 11400 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн хүсэлтийг хүлээн авсан байна. Эдгээрээс 2024 зээлдэгчийн 389 тэрбум төгрөгийн зээлийг эдийн засагч нар судалж байна. Өнөөдрийн байдлаар 1291 зээлдэгчийн 110 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэсэн. Тухайлбал "Нарантуул" тооцооны төвийн салбар зургаан зээлийн эдийн засагчтай. Эдгээр эдийн засагчид өнөөдрийн байдлаар 34 зээлдэгчийн 1.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна" гэж мэдээллээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 халдвараас шалтгаалан чанаргүй зээлдэгч ангилалд шилжсэн иргэдэд нэг удаагийн боломж олгох асуудлыг хөндөв. Хаанбанкны зүгээс "Зээлдэгчийн чанар байдлыг авахдаа Монголбанкнаас үнэлгээ авч байгаа. Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлгээг авч байна. 2020 оны хувьд зарим салбарын үйл ажиллагаа бүрэн хаагдаж, удааширсан учраас зээлийн хугацаа хэтрэлт гарахыг ойлгож байгаа. Тэгэхээр эдгээр зээлдэгчид 2020 оны туршид гэрээний бүтцийн өөрчлөлт хийгээд явсан" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Чанаргүй зээлдэгчийн мэдээллийг зургаан жил хадгалж буй нь дэлхий нийттэй харьцуулахад харьцангуй бага хугацаа. Арван жил байсныг зургаан жил болгож хуульчилсан. Үүнийг багасгах тусам эрсдэл нэмэгдэж банкны үйл ажиллагаа тогтворгүй болж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ" гэдгийг онцлов.
Б.Итгэл
Уншиж байна |