Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудлууд цахим орчинд гараад байна.
Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Жирэмсэн эмэгтэйг амаржих гээд явж байхад нь замын цагдаа зогсоож торгосон гэх асуудалд холбогдох шалгалтыг хийлээ. Шалгалтаар 00.00 цагийн үед БГД-ийн нутаг дэвсгэрт зорчиж явсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан байна. Учир нь 23.00 цагаас хойш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоод байгаа. Ингэхэд 25 настай И гэгч хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн жолоо барьж явсан.
Улмаар Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцоход хажууд нь зорчиж явсан хүн эсэргүүцэл үзүүлсэн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автомашин жолоодон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд түүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлах ёстой.
Тухайн цагдаагийн алба хаагч жолоочид хариуцлага ногдуулан жирэмсэн эмэгтэй тээвэрлэж явсан нөхцөл байдлыг харгалзан үзэж автомашиныг өгөөд явуулсан байна. Гэтэл цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон. Цагдаа үүргээ гүйцэтгэж байна. Иргэн хуулиа биелүүлэх ёстой" гэлээ.