Коронавирусын халдвараас үүдсэн хатуу хөл хорио бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
-Халдварын нөхцөл байдал хүндэрч, нийслэлд дахин хатуу хөл хорио тогтоож магадгүй байна. Дахин хөл хорио тогтоовол бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд ямар байдалд орох вэ?
-Засгийн газар цаашид хатуу хөл хорионы тухай мартах хэрэгтэй. Харин вакцинаа яаралтай авч, дархлаажуулах ажлаа хурдан шуурхай хийхэд л анхаарах шаардлагатай. Улирлын шинж чанараас хамаараад Монголын эдийн засаг гурав, дөрөвдүгээр сард маш хүнд байдаг. Тавдугаар сарын дундаас хөдөө аж ахуй, уул уурхай, барилга гээд олон салбарууд идэвхжинэ. Тэр хүртэл нөхцөл байдал туйлын хүнд гэж ойлгож болно. Тиймээс хэсэгчилсэн хөл хорио тавиад явах нь зүйтэй. Эдийн засгаа бүхэлд нь зогсоовол өдөрт 60 тэрбумыг алдана гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин Сангийн сайд Б.Жавхлан нөхцөлд байдалд маш зөв дүгнэлт өгч, хэрвээ одоо хатуу хөл хорио тогтоовол эдийн засаг үнэхээр хүндэрнэ гэдгийг хэлж байна лээ.
-Удаан хугацаанд хөл хорионд байлаа. Эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлөв?
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нд дотооддоо халдвар алдлаа гэж хатуу хөл хорио тогтоосон. Зөвхөн хүнс, эмийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд ажилласан. Энэ үед аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь тэг зогсолт хийсэн. Үүнээс үүдээд Монгол Улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Ерөнхийдөө бид гуравдугаар сарын нэгэн хүртэл хөл хорионы нөхцөлд байлаа. Иргэд орлогогүй болсон. Хөл хорио нээсэн ч орлогогүй учраас иргэдийн худалдан авах чадвар сул байна.
Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь эргэлтийн хөрөнгөгүй болсон. Тэд өөрт байсан боломжоо бүрэн шавхсан. Бараг бүгд банкны зээлтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй. Ийм үед Засгийн газар гурван хувийн хүүтэй зээлийн санал болгосон. Процедур удаан байна. Эхлээд хэн ч биелүүлэх боломжгүй маш хатуу нөхцөл шаардлагыг тавьсан. Үүн дээр танхимын зүгээс хоёр удаа байр сууриа илэрхийлсэн.
-Үйл ажиллагаа нь зогсч дампуурсан аж ахуйн нэгжүүдийн судалгаа гарсан уу. Хичнээн байгууллага хаалга барьж, хэдэн хүн ажилгүй болсон бол?
-Манай улсад 140-өөд мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. 2019 оны 12 дугаар сарын байдлаар үүний 61 000 нь тайлангаа ирүүлсэн. Бусад нь Х тайлан гаргадаг гэсэн үг. Энэ 61 000 аж ахуйн нэгж жилд дундажаар 3000-4000-ийн өсөлттэй явдаг байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын байдлаар 34 000 болон “унасан”. Тал нь дампуурсан гэсэн үг. Энэ 34 000 аж ахуйн нэгжид хасах баланстай компаниуд байгаа. Нийт 140 мянган компаниас 92 000 нь Х тайлан ирүүлсэн. Тэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Бидний маш энгийн тооцооллоор дампуурсан 30-аад мянган компанийн цаана хамгийн багадаа 250-400-аад мянган хүн ажилгүй, орлогогүй болсон. Төр засаг энэ хүмүүс рүү чиглэсэн ажлын байрыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээг маш их цаг хугацаа алдаж, хойрго хэрэгжүүлж байна.
-Үүд хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдэд эргэн сэргэх боломж байна уу. Тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
-Маш хүнд. Өөрт байсан нөөц боломжоо зараад дууссан. Ажил байхгүй, цалингаа тавьж чадахгүй. Банкны зээлийн хүү зогсохгүй. Нэмж зээл авъя гэхээр бүх хөрөнгө нь барьцаанд байдаг. Ковидын үед бодлогын хүү буурсан ч зээлийн хүү төдийлөн сайн буугаагүй. Одоо гол найдвар бол гурван хувийн хүүтэй зээл л байна. Энэ зээлийг аль болох хүртээмжтэй олгох хэрэгтэй. Нөгөө талдаа иргэдийн худалдан авалтыг дэмжихэд анхаарах шаардлагатай байна.
-Танай судалгаагаар бизнесийн салбарын 2.2 хувьд ковид нөлөөлөөгүй байна. Ямар салбарууд вэ?
-Хүнсний салбар арай учиртай байна. Хүн бүр гэртээ байж гар утас, интернет их ашигласан болохоор технологийн салбар дөрвөн хувийн өсөлттэй гарсан. Эрчим хүч, дулаан гээд байнга ажиллах ёстой салбаруудын бууралт арай бага байна. Хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ гээд бүхэлдээ хүнд байна. Банкны салбар гэхэд зээлийн эргэн төлөлт удааширч, амаргүй байна. Хамгийн ихээр нэрвэгдсэн нь аялал жуулчлалын салбар.
-Сангийн сайд Б.Жавхлан эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн тухай ярьсан. Энэ бодит дүгнэлт үү?
-Эдийн засгийн орчин сэргэх ямар ч үндэс байхгүй. Манай эдийн засгийн ихэнх нь уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээн дээр тогтдог. Уул уурхайн экспорт нэмэгдвэл сэргэнэ. Тоо хэмжээнээс гадна үнэ өсвөл сэргэнэ. Гэтэл бид нүүрсний экспортоо сайжруулж чадахгүй байна. Хятадын талд эдийн засаг бодитоор сэргэж, дотоодын эдийн засгаа тэлэхэд маш их анхаарч байна. Харин бид энэ боломжийг ашиглаж чадахгүй хугацаа алдсаар байгаа.
Дотоодын худалдаа үйлчилгээ, барилгын салбар ч сэргээгүй шүү дээ. Улирал нь ч эхлээгүй байна. Иргэд мөнгөгүй учраас дэлгүүрүүдийн орлого нэмэгдээгүй. Цалингүй 100 хоносон хүмүүс ямар нөхцөлд байх уу.
Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийг ангилаад үзэхээр гурван хүний нэг нь төрд ажилладаг. Төрд ажиллаж байгаа хүмүүс бол цалингаа бүтэн авч байгаа. Энэ хүмүүс л үйлчилгээний байгууллагын гол худалдан авагч болж байна. Гэтэл хувийн хэвшлийнхний хоёр хүний нэг нь ажилгүй болсон. Тэр хэмжээгээр эрэлт буурна.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын хөтөлбөрийг та хэрхэн харж байгаа вэ?
-Засгийн газар ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ нэн яаралтай зарламаар байна. 2024 оныг дуустал 10 их наяд гэдэг бол тунхагийн шинжтэй байна. Зорилго нь эдийн засгаа сэргээх, дампууруулахгүй байх юм бол гол төсвөө энэ онд тавиач ээ. Тэртэй, тэргүй 2022 оноос бүх зүйл хэвийн болно. 2023 оныг өнөөдөр ярих шаардлагагүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад маргааш нь шахуу ярьсан зүйл. Гэтэл өнөөдөр маш их хүсэлт ирсэн, мөнгө нь гардаггүй. Өндөр шалгуур тавьж цаг алдаад байна. Бизнес бол цаг хугацаатай уралддаг. Нэг сар хүлээхэд алдагдалд орно, хоёр сар хүлээхэд дампуурна.
-Гурван хувийн хүүтэй зээл яг зорилтот хүндээ хүрч байна уу. Хүсэлт өгсөн ч шийдэгдэхгүй байна гэсэн гомдол нэлээдгүй байна.
-Энэ зээл банкны үзэмжийн асуудал болсон. Банк хамгийн найдвартайд өгнө. Үнэхээр үйл ажиллагаа нь зогссон, хүндэрсэнийг дэмжих гээд байна уу, найдвартай зээл гаргах гээд байна уу. Үүнийг төр заавал бодлогоор зохицуулах ёстой. Шалгуурын дагуу бол үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа компаниуд л авахаар байгаа.
-Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ажилгүй, орлогогүй байгаа хүмүүст наалдахгүй байна уу?
-Яг одоо юу ч хийхгүй байна. Хатуу хөл хориог даван туулахын тулд иргэдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой байсан. Бид нэг хүний сарын хүнсний хэрэглээнд 250 орчим мянган төгрөг байхад болно гэсэн судалгаа тооцоог гаргасан. Энэ нь буцаад дотоодын хүнсний салбарын орлого болно. Гэхдээ ийм арга хэмжээ авсангүй.
В.Бат