Төрийн соёрхолтоо сошиалаар нэг хайж хэсэгхэн тэвдээд авлаа, бид. Учир нь Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны вэбсайтад түүнийг “Сураггүй алга болсон” гэх тодорхойлолттойгоор улс даяар эрэн сурвалжилж байгааг зарлажээ. Хариуд нь Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Би гэртээ телевизор үзээд сууж байна” хэмээн жиргэв.
Түүнийг эрэн сурвалжилсан зарлалд “ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.01 дугаар 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр иргэн Доржсүрэн овогтой Болдийг эрэн сурвалжилж байна” гэжээ.
Энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад хоёр тохиолдолд эрэн сурвалжлах зардаг. Эрүүгийн хэргээс гадна иргэний хэрэг дээр бас эрэн сурвалжлах зарлана.
1. Заавал гэмт хэрэг үйлдсэн гэхээс гадна иргэний хэрэг дээр хэн нэгэн этгээд шүүхэд тухайн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж болно. Энэ тохиолдолд тухайн хүн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас биш шүүхээс эрэн сурвалжлах зарладаг. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэх хүргэх гэтэл тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа учраас олж өгнө үү гэсэн хүсэлт юм.
2.Өөр нэг тохиолдол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн яллагдагч оргон зайлсан тохиолдол эрэн сурвалжилдаг” гэдэг мэдээллийг өглөө.
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хувьд гэртээ байгаагаа хэлсэн учраас оргон зайлсан этгээд биш. Харин түүнд иргэний нэхэмжлэх хүргэх гэтэл гэр нь олдохгүй байсанд л учир байж.
Б.Итгэл
Уншиж байна |