Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
2021-03-18

 

Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 онд гарсан. Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд, шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, мөн шүүгдэгч В.Рэнцэндоржийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар Монгол Улсад Ковид-19 цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байв.

 

Шүүхээс талуудын санал, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлаж, шүүх хуралдаанд Улаанбаатар хот буюу Коронавирусын голомттой бүс нутгаас шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд нар ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотод Коронавируст халдварын тоо эрс нэмэгдэж, халдвар зөөвөрлөн ирэх эрсдэл өндөр байгаа тул аймгийн Онцгой комиссын зүгээс тавьсан халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэхээр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд шүүх хуралдааныг зохион байгууллаа.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн 15.2.4-т заасан үндэслэлээр өмгөөлөх эрхээсээ татгалзаж, шүүгдэгч Э.Мэндсайхан өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүгдэгчид өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, Коронавирус цар тахал дотоодод нэмэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хугацаагаар хойшлуулав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
МАНгарын энэ алуурчин аймшигтай хүн.Зөв зүгээр байсан хүүхдийг дуудаж аваачиж архидуулаад алаа биз дээ. МАНгарууд 30-аад онд шууд буудан алж байсан. Одоо өөр өргөөр алах болжээ.
2021-03-18