ШҮҮХ ТАНХИМААС: Хөзрийн булхай хүний аминд хүрэв
2021-03-10

Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчхээд байдаг юм бол...Эз хатгасан энэ асуултад хариулт хайн “Шүүх танхимаас” цуврал сурвалжлага эхлүүлээд даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ.

 

Коронавирусийн дэгдэлт, хөл хорионы улмаас өнгөрөгч оны есдүгээр сараас хойш түр завсарлаад байв. Харин өчигдөр /2021.03.09/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо. Шүүхийн гадна хэзээний л янзаар хүн, машин шахцалдан хөл хөдөлгөөн ихтэй. Үүдэнд улаан орхимжтой ламтан “Хурал нь арай эхлээгүй байна. Би засал, номыг нь уншсан. Гайгүй дээ” хэмээн утсаар ярьж зогсохтой таарав. Шашин, хууль хоёрын аль нь хүчтэй бол гэх саваагүй бодол төрөөд зөрлөө.

 

 

Шүүхийн байранд багагүй өөрчлөлт оржээ. Энэ шүүхээр өдөрт 600-700 хүн үйлчлүүлж үргэлж л ачаалалтай байдаг. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс үйлчлүүлэгч болон ажилчдынхаа халдварт өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор  ариутгал халдваргүйжүүлэлтийн хаалгыг байршуулжээ.

 

 

Энэ хаалга нь ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацан озоны хий болон хэт ягаан туяагаар 360 градус ариутгал хийх бөгөөд гар ариутгагч, халуун хэмжих сүүлийн үеийн технологитой. Ингэснээр тус шүүхийн байранд нэвтэрч буй хүн бүрийг эрсдэлээс хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэх төдийгүй коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед албан хаагчдын ажил үүргийг хөнгөвчилж байгаа аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ удаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хөзрийн маргааны улмаас хүний амь хөнөөсөн этгээдийн гэм буруугийн шүүх хуралдаанд суулаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү нь оролцов. Мөн аав нь бололтой улаан дээлтэй, энгэртээ медаль зүүсэн өндөр настан, хоёр эмэгтэй өөр нэг эрэгтэй иржээ. Харин “Аав өнгөрсөн. Ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ 2017 оноос хойш холбоо тасарсан. Хамт байхаар хойд эцэгтэйгээ таардаггүй юм” хэмээн хариулж зогсох шүүгдэгчид өмгөөлөгчөөс нь өөр “хань” байсангүй.

 

Харахад эрүүл чийрэг, өв тэгш бие хаатай залуу 1994 онд төрсөн, долоодугаар ангийн боловсрол эзэмшсэн нэгэн аж. Цэргийн алба хаасан. Өмнө нь гурван ч удаа шүүхээс шийтгэх тогтоол сонссон ч торны цаана суухаар хүнд биш тул нийтэд тустай ажил хийх зэргээр дуусгажээ. Харин тэр өнөөдөр хүний амь хөнөөсөн гэх шалтгаанаар шүүхийн өмнө зогсож байна.  

 

Тодруулбал, өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр хэсэг нөхөд нийтийн байранд амьдрах нэгнийдээ цугларч мөрийтэй хөзөр тогложээ. Цэнхэр шилтийн бөглөө мулталж тоглоом, дотор хоёр ид халаад ирэх үед “Та хоёр хуйвалдаж, булхайцлаа” гэх маргаан дэгдэв. Маргаан ширүүсч зодоон болж гарт таарсан мэсээр танил ахынхаа цээжин тус газарт хутгалжээ.

 

Шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна. Гэхдээ одоо надад ямар ч мөнгө байхгүй. Шорондоо яваад ажил хийгээд төлнө” гэж хамар дороо хэлчихээд шал ширтэв. Хэрэв тэр долоодугаар ангиасаа л сургуулиа орхиогүй бол, хойд эцэгтэйгээ эвтэй, ээжтэйгээ харилцаа сайтай байсан бол...Магадгүй өөр орчинд өөр гэр бүлд, өөр хүмүүжлээр өссөн бол, бол, бол бол...Мэс шүүрэхээсээ урьтаж бодох байсан болов уу гэх горьдлого төрж суулаа. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн орчин нөхцөл, өсвөр үеийнхний сэтгэлзүй, төлөвшил. Энэ бүхэн өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаад байгаа хамгийн эмзэг сэдэв, гэмт хэргийн ар дахь анхаарах ёстой асуудал болоод байна.

 

Хүүгээ алдсан хөгшин аавынх нь бодол дүүрэн харц, хохирогчийн дүү гэх бадируун эрийн тогтож өгөхгүй үерлээд байгаа том том нулимс ч өр өвтгөсөн. Тэрбээр шүүх хуралдааны мэдүүлэгт “Би энэ залуугийн ээжтэй нь утсаар холбогдсон. Явуулдаг газарт нь явуул гэж хэлсэн” гэх үг ч гол зурав.

 

Шүүгдэгчид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасны дагуу 14 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

 

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

 

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Яасан бодолгүй, ямар болчимгүй юм бэ дээ. Ойворгон, омголон, хүлээдэггүй, хүлцдэггүй зантай залуучууд олон л таардаг. Даанч яаруу ганцхан үйлдэл танаас харамсаад ч олдохгүй эрх чөлөө, ухрааж болохгүй цаг хугацааг чинь булаах вий гэдгийг үүгээр сануулъя. Ахиад олон залуус ааг омогтоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

 

Г.СҮРЭН

Shuud.mn
Сонин хачин
үнэхээр л хүний бага насанд олж авсан хүмүүжил гэдэг яасан чухал зүйл вэ? алдаж онож ява олон л хүнийг харлаа. хэрэв тэд энэ нийтлэлийг эсвэл тухайн үед нь ингээд ойройд нь ортол хэлээд ойлгуулах хүн байсан бол гэсэн бодол өөрийн эрхгү йтөрлөө. мэдээж дөргүй бух шиг зөрүүд мэр сэр хүн байдаг ч таны нийтлэл олон хүнд хүрч нэг бодогдуулж хоёрыг тунгаахад тус болно гэж найдаж байна.
2021-03-11
буд:
супер дупер бичих юм аа
2021-03-10
Лам шүүхийн гадаа ном уншаад ч гэх шин. Уянгын халил нэмэх гээд битгий ингэж бусдыг доромжил. Бусдаар бол гайгүй нийтлэл бна
2021-03-10
Иргэн:
Ер нь бүх насаар нь хүний амь хохироосон тохиолдрлд явуулж байх хэрэгтэй Үнэхээр хүндэтгэх авч үзэх шалтгааан байвал 20 жилээс багагүй байх нь зүйтэй
2021-03-10
Энэ нийгэмд хүнийг хайрлах сэтгэл алга, яах вэ? Ямар нийгэмд гэмт хэрэгтэнгүүд нь төрийн дээр гарчихдаг, жирийн иргэд энх амар амьдрахад хэцүү цаг болжээ...
2021-03-10