Сайт, цахим хуудсаар 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигджээ.
Энэ асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийсэн байна.
Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.
Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ажилтан П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч гэсэн бол энэ нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй аж.
Уншиж байна |