Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 663 бүртгэгджээ. Энэ хугацаанд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгдсэн бөгөөд Залилах гэмт хэрэг 167, Хулгайлах гэмт хэрэг 128 гарсан байна.
Тус дүүргийн дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэгтэй холбоотойгоор хөл хорионы үед ахуйн хүрээнд гал алдсаны улмаас гэр, байшин шатаж 10 орчим хүн нас баржээ.
Тухайлбал, энэ сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитод байшин шатаж 17-19 насны 3 иргэн, 35 дугаар хороо Орбитод байшин шатаж 3-7 насны 4 хүүхэд, 33 дугаар хороонд гэр шатаж 5-13 насны 3 хүүхэд нас барсан харамсалтай хэргүүд гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн тус дүүрэгт хөл хорионы өдрүүдэд зарим төрлийн зөрчлийн гаралт өсчээ.
Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 36 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгагдаж байсан бол энэ оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 65 гомдол, мэдээлэл хүлээн авч 1.8 дахин өссөн байна.
Эх сурвалж: Ерөнхий прокурорын газар
Уншиж байна |