Орон сууцны урьдчилсан захиалга авч 456 иргэнд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг шүүхээс прокурорт буцаан шийдвэрлээд байгаа.
Хэргийг нэхэн сануулбал тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар "Амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Гэтэл тус байранд урьдчилгаа төлж, захиалга өгсөн 400 гаруй иргэн 12 орчим тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа юм.
"Нарны хүү, сарны охин" компаниас болж хохирсон иргэд өнөөдөр /2021.02.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна эсэргүүцэл илэрхийлэн цуглав.
Хохирогчид "Энэ хэрэг гурван жилийн турш хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Бид эд хөрөнгөөр хохирсноос гадна эрүүл мэндийн маш их дарамт, стресст орж байгаа. Тухайлбал гэр бүлүүд салж, жирэмсэн эмэгтэйчүүд зулбаж, өндөр настай хүмүүс даралт нь ихсээд хэвтэрт орж байна шүү дээ.
Хэрэг шүүхийн шатанд ирсэн. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 18-ны өдөр болсон. Энэ хуралдаанаар яллагдагч тал яллах дүгнэлтээ хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөлөгч нь эцэстээ бид биш Д.Гүрсоронз хохирсон мэт зүйл ярьж хэргийг прокурорт шилжүүлэх санал тавьсан. Бидний зүгээс шүүх хуралдааныг даруй явуулж, хэргийг хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна" гэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явуулж,
456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн юм.
Б.Итгэл
Уншиж байна |