Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20.00 цаг орчимд "Хүнсний дэлгүүрт хүн орж ирээд намайг дээрэмдээд гараад явлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж шалгахад 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг эрэгтэй, 60 настай, Н гэгчийг ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлдэгдсэн байна.
Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд тэнэмэл байдлаар амьдардаг эрэгтэй, 21 настай, О гэгч үйлдсэн болохыг тогтоож илрүүлэн хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.1-т
Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял,
17.2.2-т:
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.3-т: Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар тус тус хорих ял шийтгэхээр заасан байдаг.