Засгийн газраас нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэрийг даваа гарагт гаргасантай зэрэгцээд зарим иргэд согтууруулах ундааг бөөндөн хуралдан авсан. Үүнийг сошиалаар "хууль бусаар согтууруулах ундааг дамлан худалдах нь. Өмнөх хөл хорионы үед шагийн архи, согтууруулах ундааны үнэ хэд дахин өссөн. Энэ удаагийн хөл хорионы үед 18 градусаас бага согтууруулах ундааг хорихгүй байх нь зөв" гэж шүүмжилж байсан билээ.
Нийслэлийн онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үеийн зэрэгт шилжсэн өдрүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээндээ 18 градусаас доош согтууруулах төрлийн ундааг хорихгүй байхаар шийдвэрлэснээ танилцуулсан. Нийслэлийн шийдвэрийг сонссон иргэд бөөндөж авсан согтууруулах төрлийн ундаагаа буцаах хүсэлтийг холбогдох худалдааны төвд тавьсан байна.
Согтууруулах ундааг хөл хорионы үед хууль бусаар дамлан худалдаалах гэсэн шагчид энэ удаад шаталттай, орлогогүй болох нь гэж бухимдаж байгаа сурагтай.
Э.Сонор