Хэт назгайрал харуусалд хүргэх вий
2020-12-16

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Коронавирус цар тахал  дотоодод бүртгэгдсэн учир Засгийн газрын шийдвэрээр 11 дүгээр  сарын  12-ноос 12 дугаар сарын 14-ний хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

 

Харин  энэ сарын 14-нөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн бууруулж  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 34 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж  эхлээд байна. Энэ хугацаанд дотоодод бүртгэгдсэн халдвар 464 болсон бол нийт батлагдсан тохиолдод 917 болов.

 

Хөл хорионы дэглэмийг бууруулахад эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмийг чанад мөрдөх үүрэг даалгаврыг иргэдэд сануулж, анхааруулсан. Гэвч иргэд цар тахлын тархалт намжсан мэт назгай аашилж байгааг цагдаагийн байгууллагын статистик мэдээ харуулж байна. 

 

Цагдаагийн байгууллагад 12 дугаар сарын 13-нд гэмт хэргийн шинжтэй 34 дуудлага, хулгай 4, зөрчил 315, гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага 63, нийт 760 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Харин өчигдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй дуудлага даруй нэг дахин нэмэгдсэн байна.  Гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага гэхэд архи, согтууруулах ундааг худалдан борлуулж, түүгээр үйлчилж эхэлсэн хоногт 166 бүртгэгдэж 211 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Энэ тоо өнөөдөр ч нэмэгдэж 12 дугаар сарын 15-нд 239 хүн эрүүлжүүлэгдсэн байна. 

 

Дэлхийн олон мянган хүнийг хайртай нэгнээс нь хагацааж буй цар тахал манай улсад бүртгэгдсэн төдийгүй нийслэл хот, зургаан аймагт голомт үүссэн. Цаашид тархах эрсдэл маш өндөр бий. Эрсдэлтэй энэ нөхцөлд иргэд дор бүрнээ хичээж хариуцлагатай байх атал задгайрч орон байрны архидалт нэмэгдэж байгаа нь харамсалтай.

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудаснаа “Хөл хорио тавигдсан учраас нөөцөө бүрдүүлнэ. “Алтанговь”-оо авч байна. Залуучуудаа тохируулж хэрэглээрэй” гэж хэлээд пиво авч буй бичлэгээ нийтэлжээ. Ингэхдээ тэрбээр тохируулж хэрэглээрэй гэж хэлсэн нь сайшаалтай ч, пиво нөөцөлж авахад үлгэрлээд ч байх шиг. 

 

Авдар, авдраар нь пиво нөөцөлж авсан, авах гэж буй иргэдээс асуумаар байна. Ямар үр дагаварт зориулж нөөцөлж байна вэ? Архи пиво нөөцөлж нөхцөл байдлыг хүндрүүлэхийн оронд аялж зугаалах сайхан цагийг бодож, хариуцлагатай байх нь чухал биз ээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
АрАРХИ ,ПИВО 40-С ДЭЭШ НАСТАНГУУДЫН ХЭРГЛЭЭ ЮМ БНА ГЭЖ ХАРСАН.
2020-12-16
Бат:
Ядарч зүдрээд орлого мөнгөгүй гээд орилолдоод байсан, лангууны архи пиво хоосолж байна цаана чинь, зүгээр л архиа ууцгаах гээл орилолдоод байж
2020-12-16