Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
Өнгөрсөн 24 цагийн (2020.11.18-ны 06:00 цагаас 2020.11.19-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 475918 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 76 объектын 35954 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Үүнээс нийслэлд 13658 м2 талбайд голомтын халдваргүйтгэл хийгджээ. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжийн 44 ШТС-д хяналт тандалт хийхэд цар тахлын үед мөрдөж ажиллах журамгүй, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэлгүй, халуун хэмжигчгүй, амны хаалт бээлийгээр хангаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулах үүрэг чиглэл өгч, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Их дээд сургуулийн оюутны байранд хийсэн тандалтаар нэр бүхий таван сургуулийн дотуур байрны удирдлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргаагүй, оюутнууд болон иргэд амны хаалт зүүгээгүй, байрны удирдлага хяналт тавьж ажиллаагүй, цэвэрлэгээ хангалтгүй, орж гарч байгаа иргэдийн халууныг хэмжээгүй зэрэг зөрчил илэрчээ. 28 сургуулийн оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайн халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэв.
Хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн 1405 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 45 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор зохих зөвшөөрөлтэй 651.6 тонн, дамжин өнгөрсөн 260.9 тн түүхий нүүрс нэвтэрчээ.
Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 38 эмнэлэгт хийж зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотын хэмжээд коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд хяналт, шалгалт хийж зарим эмнэлэгт тусгаарлах өрөө шаардлага хангахгүй, ор дэлгэн ажиллах хүч дутагдалтай байсан тул бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгавар өгөв.
Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн нэг байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 5 удаагийн дээж авчээ. Нийслэлийн хэмжээнд нийт 72 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийж 154 дээжийг шинжилгээнд харууллаа. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн байна.
Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 997 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэг, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлийг арилгуулах зөвлөмж өгчээ.
Тохижилт үйлчилгээний компаниудад цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэл хийх талаар зөвлөмж өгч байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд төвлөрсөн гурван цэгт 1608 тн хог хаягдал хүлээн авч 2215 тн хог хаягдлыг булж устгасан байна.
Улсын хилээр орж ирсэн 1946, хилээр гарсан 1933 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлт, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийж, заавар зөвлөгөө өгсөн байна. Тандалтаар халдварын шинж тэмдэгтэй жолооч илрээгүй. Гүний хяналтын бүсд 5 тээврийн хэрэгслээр импортлогдсон 84.3 тн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж хилээс чөлөөлөн 840 м2 талбайд халдваргүйтгэл хийлгэлээ.
МХЕГ, НМХГ-ын агаарын чанарын хяналтын улсын байцаагчид Сонгинохайрха, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шахмал түлш борлуулах 46 цэгийн нөөц, хангамж, жиндээ хүрч байгаа эсэх, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт хийжээ. Таван толгой түлш ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт хоногт 3127.92 тн шахмал түлш үйлдвэрлэн 2177.1 тн-ыг борлуулалтад гаргасан байна.
Эх сурвалж: МХЕГ
Уншиж байна |