Хуульчид болон иргэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эргүүлэн татах талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр өмгөөлөгч Л.Баттогтох:
-10 дугаар сарын 15-ны өдрийн орон нутгийн сонгуулийн дүн гарсан. Санал хураалтын дүн гарсны дараа Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос нэр дэвшигч Э.Магнайбаяр төлөөлөгч сонгогдсон юм. Гэтэл энэ хүн МАН-д гишүүнээр элсчихлээ. Үүний дараа Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос 2020 оны 10 дугаар сарын 19-ний батламжилсан тогтоол гарсан. Энэ тогтоол гарахдаа МАХН-аас нэр дэвшигч Э.Магнайбаярыг сонгогдсон гэх тогтоол юм. Энэ этгээд тогтоол гарахаас өмнө МАН-руу гишүүнээр элсэн нь л гол маргааныг дагуулж байна. Энэ асуудал аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана.
Нэр дэвшигч ямар хуулийг зөрчсөн юм, ямар хуулийн хүрээнд баталгаажиж, тогтоол баталж байгаа вэ гэх хоёр асуудал яригдана. Маргааны зохицуулалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэнэ. Тогтоол гарснаас долоо хоногийн дотор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой байдаг. Бид өчигдөр өргөдөл гомдлоо гаргасан.
Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Бид мөн л Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Э.Магнайбаяр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хуулийн 34, 37, 47 зэрэг заалтуудыг зөрчсөн. Захиргааны хэргийн шүүхээр гэм бурууг тогтооно гэлээ.
Э.Үүрийнцолмон