Хэн нэгний бяцхан зүрх зогссон тухай мэдээ унших бүрт энэ гарчиг толгойд буудаг ч бичихээс халгасаар байв. Өөрийн толгой дээр хэзээ мөдхөн ирэх асуудал мэт зүрх хөндүүрлэж, үг холбоход ч хэцүү. Хойд эцэгтэй зодуулсан, бүр амь насаа алдсан хүүхдийн тухай мэдээ ганц бие ээжүүдэд илүү хүнд тусдаг байж ч магад. Тэд айж байна.
Өрөг.мн сайтад 1.5 настай хүүхэд хойд эцэгтээ зодуулж нас барсан тухай мэдээ нийтлэгджээ. Хөлд, хэлд бүрэн гүйцэт орж амжаагүй тэр бяцхан “амьтныг” зодож алж байхдаа тэр эр хүн юу бодож байсан бол?! Өмнөөс нь шалтаг тооцож, шалтгаан ч хэлж чадахгүй тэр өчүүхэн, сул дорой нэгнийг үхтэл нь зодоход тэр эрийн уур нь гарч, бах нь ханасан болов уу. Тэр ялаа үүрнэ, бүх насаараа ялтан гэсэн нэр зүүж ч болзошгүй. Ард нь таних, танихгүй бүхэнд чичлүүлсэн буруутан эмэгтэй үлдэнэ. Хорвоогийн муу муухай бүхнийг түүн дээр асгаж, харааж зүхнэ. Үрээ алдсан зовлон дээр нь үгээр хадаас хийж, цус гартал нь зооно. Тэр буруутай, бусдын адил ханьтай амьдрахыг хүссэн. Нуруун дээрх ачаагаа хөнгөлөхийг бодсон, тэр буруутай. Хүүгээ, охиноо аавтай болгохыг мөрөөдсөн. Бусдын адилаар хань ижилтэй, тэгш дүүрэн амьдрах гэсэн шунал нь түүнийг алуурчны хамсаатан болгочихлоо. Тэр үйлээ эдэлнэ, үсээ зулгаана.
Тэгвэл бяцхан хүүхдийг шороонд булуулж, нэг эмэгтэйг арьс махтай нь хатааж, өөр нэгнийг ялтан болгосон тэр эр хаана явна вэ?! Өөрийн үрээ хүний гар харуулж, хойд эцгийн хатуу тарчлаанд аваачсан тэр эцэг хаачив. Нэгэн бүсгүйн нуруун дээр амьдралын хүнд ачаа тохчихоод гарч одсон тэр эр хаана байна. Яагаад хэн ч түүнээс хариуцлага нэхэхгүй, хэн ч түүнийг буруутгахгүй байгаа юм бэ? Энэ бүх зовлонгийн эх үндэс нь тэр эр байхад яагаад хэн ч түүнээс ял асуухгүй байгаа юм бэ.
Амьдрал таньж амжаагүй бяцхан үр тэр эрийн нэг шөнийн явдлын алдаа байсан учраас үйл нь ирсэн гэж үү. Хүсэлдээ автаж дор нь хэвтсэн тэр эмэгтэй дурандаа хүүхдээ төрүүлсэн учраас лайгаа үүрч байгаа нь энэ гэж үү. Ээжтэй нь таарч тохироогүй учраас тэр эр хувийн жаргалаа хөөсөн гэж үү. Тэр мэдээж эрхтэй, жаргаж болно. Гэхдээ ард нь үлдэх үүрэг хариуцлагаас зугтах ёсгүй. Чиний, таны үр энэ хорвоод хүн болон мэндэлсэн цагаас эр хүн та үүрэг хариуцлага хүлээх ёстой. Ээжид нь хань болдоггүй юм гэхэд хүүхдэдээ та аав болон үлдэх учиртай. Таны энэ үүрэг хариуцлага олон олон хүүхдийг аймшигт эрсдлээс хамгаална. Тэдний амь насны баталгаа болно, учир нь тэр хайрлаж хамгаалах хана хэрэм мэт аавтай. Эр хүн уужуу ухаантай, холын бодолтой гэх. Гэхдээ яагаад үрийнхээ төлөө ухаан бодлоо зардаггүй, хаяад алга болдог юм бэ. Яагаад нэг шөнийн явдлаа нэгэн бүсгүйн насан туршийн үүрэг хариуцлага, бүр зовлон болгон үлдээдэг юм бэ. Насан туршийн амьдралаа зориулна гэж амалчихаад эхнэрээ, хүүхдээ орхиод гарч байхдаа эр хүн та юу боддог вэ.
Ханийн жаргал эдлэх азгүй, хувьгүй тэр эмэгтэйг орхиё. Харин үрдээ та аав нь, эцэг нь болон үлдээрэй. Хүсээгүй гэх халхавчаар хүүхэд зовох учиргүй. Хүүхэд аавын хайранд өсдөггүй юм гэхэд эцгийн нэрээр хамгаалуулах ёстой.
Хүүхдээ бодоод амьдралын зовлон бэрхшээлийг тэвчдэг олон олон эрчүүдэд талархъя. Та ААВ гэж дуудуулах бүрэн эрхтэй. Та хүүхдээ мартан хувийн жаргалыг хөөгөөгүй, тэднийг хайрлаж хамгаалах үүргээ ухамсарласан жинхэнэ аав хүн. Таныг үрийн заяа түших нь гарцаагүй.
Харин үрээ хаяад зугтсан ЭЦЭГ чи хаана явна?!
В.Батцэцэг