Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Ачилтын 15 компани өдөрт дунджаар 150-200 автомашин ачиж 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөг олдог байна.
Ачилтын компаниудын автомашин аваад “зугтдаг” үйлдэл хэрээс хэтэрч байгааг бүгд л харж байна. Тэгвэл тэдэнд мөрдөх ёстой дүрэм, журам гэж бий.
2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Өнөөдрөөс /2020.01.07/ автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар зурвас илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ” гэж мэдэгдсэн. /ЭНД дарж унших боломжтой/
Тиймээс НӨАТ өгөхгүй бол машиныхаа торгуулийг төлөхгүйгээр машинаа авах боломжтойг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сануулж байна. Мөн auto-ub.com цахим хаягаар гомдол гаргах эрхтэй юм байна. Тиймээс та машинаа ачуулсан бол НӨАТ-ын баримтаа нэхээд ав. Өгөхгүй бол торгуулиа бүү төл. Их хотод бүгд ижилхэн хууль дүрмээр амьдармаар байна. Жижиг гэж зүгээр орхилгүй, бага гэж гололгүй, бусдыг давраалгүй аливаа хариуцлагыг нь нэхэж сануулж суръя. Тэгж байж бид зөв стандарттай хотод амьдарна.
Мөн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээх ёстой. Энэ зурвас эзэндээ хүрээгүй бол бас торгуулиа бүү төл. Хэлсэн бол хэрэгжүүлдэг. Хэлчихээд мартдаггүй. Амалчихаад алга болдоггүй үнэн нийгэм эндээс л эхэлнэ.
Харин дараа нь өөрөө нэгдүгээр эгнээнд машинаа хаячихаад хоол идээд суучихдаг, зогсоолгүй газар машинаа орхичихдог зоргоор зангаа засаад олдохгүй ч гэсэн олоод зөвшөөрөлтэй газар машинаа байрлуулж сураарай. Эндээс хотын соёл, зөв хандлага эхэлнэ.
Цаашлаад:
“Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журмын 9.24. Цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно.
9.12.1 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр татлага бэхэлгээ хийх явцад эзэмшигч нь ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгнө” гэж заасан байгаа.
Үүнийг ч бас санаж явахад ачилтын компанийн өөдөөс журам нэхэхэд хэрэг болно. Их хотдоо багтаж амьдрахын тулд хаа хаанаа дүрэмтэй, түүнийгээ мөрддөг байцгаая.
Б.Итгэл
Уншиж байна |