Мисс М.Дашбалжид Ч.Хантүмэнг шүүхэд өгчээ


Дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүй оролцдог "Miss Universe" тэмцээнд Монгол бүсгүй оролцохоор болсон. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын гэх тодотголтой энэхүү дэлхийн тэмцээнд Монгол улсаас гоо бүсгүй оролцуулахаар таван жилийн хугацаанд хүсэлт тавьсны үр дүнд энэ оны “Miss Universe” тэмцээнд манай улс оролцох эрхтэй болсон билээ.
Тэгвэл дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах "Miss Universe Mongolia" уралдааны ялагч /2018.10.17/ тодорч, гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг тэмцээний ялагчаар загвар өмсөгч Д.Долгион түрүүлж, тэргүүн шагнал болох титмийн эзэн болсон юм.
Шалгаруулалтын эцсийн мөчид ТОП таван миссийг шалгаруулсан. Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс топ таван миссээс "If you could change one thing about yourself, what would it be?" буюу "Хэрвээ танд өөрийнхөө нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?" гэсэн асуултыг оролцогчдоос асуусан юм. Гэвч ихэнхи нь хариулж чадаагүй нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тун саяхнаас "Ub comedу" клубын гишүүн Ч.Хантүмэн миссүүдийн хэлний мэдлэггүйг шоолж, инээсэн, ёс бус үг хэллэг агуулсан видео бичлэг цахим хуудсаар цацагдаж, олон нийт түүний зөв, буруу хэмээн хоёр талцаад байна.
Шилдэг таван миссийн нэгээр шалгарсан загвар өмсөгч М.Дашбалжид "Би чаддаггүй байсан бол алдаанаасаа суралцаад явна. Энэ асуултад би хариулахгүй биш өөрийн үзэл бодлын зүгээс "Уучлаарай энэ талаар би бодож үзээгүй юм байна" гэсэн хариулт өгсөн. Яагаад гэвэл одоо байгаа бүх зүйлдээ би хангалттай сэтгэл хангалуун байдаг болохоор өөрийгөө өөрчлөх шаардлага надад байхгүй. Бодит байдал, зүйлсийг биеэр харж, мэдэрчихээд хүн муулна шүү зарим нэг хүмүүс. Хүн сандарч тулгамдсан үедээ чаддаг зүйлээ хүртэл чадахгүй болдог үе байдаг шүү дээ. Хэдэн мянган хүний өмнө ганц ч удаа тайзан дээр гарч үг хэлж үзээгүй хүмүүсээ. Хэлгүй байтлаа өмнө нь миссийн тэмцээнд яваад шагнал аваад ирэв гэж" хэмээн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Мөн тэрбээр миссүүдийг доромжилсон хэмээн үзэж "Ub comedy" клубын гишүүн Ч.Хантүмэнг хуулийн дагуу шүүхэд өгөхөөр болсноо хэлсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ