Чоу Юнь-Фат: Бүх хөрөнгөө хандивлах шийдвэрийг тун амархан гаргасан

Хятадын нэрт жүжигчин Чоу Юнь-Фатын “www.jaynestars.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таны гэнэтийн шийдвэр олон нийтийг цочирдууллаа. Та бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана гэж мэдэгдсэн. Энэ талаар?
-Би зүгээр л аз жаргалтай баймаар байна. Ямар нэгэн шалтгаанаар энэ бүхнийг хийгээгүй. Зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийлээ. Өгөх нь авахаасаа илүү аз жаргал байдаг юм.
-Таны бүх хөрөнгө 716 сая ам.доллар. Бүх хөрөнгөө бусдад хандивлахаар шийдчихсэн үү?
-Энэ шийдвэрийг гаргах тун амархан байсан.
-Эдгээр сая, сая доллараас ганц ч саяыг авч үлдэхгүй гэж үү?
-100 доллар авч үлдэж болох л юм.
-Та энэ бүх хөрөнгийг цуглуулсан. Гэтэл яагаад бусдад хандивлана гэж. Ойлгоход бэрх юм?
-Энэ бүх хөрөнгө минийх биш. Би зүгээр л өнгөрсөн хугацаанд тэднийг аюулгүй хадгалж байсан.
-Бүх мөнгөө бусдад хандивлаад ирээдүйд хэрхэн аж төрөх билээ?
-Би бусад шиг энгийнээр амьдрах болно. Би их даруухан амьдрахыг хүсдэг. Хямдрал зарласан газраас хүнсээ цуглуулаад л автобус эсвэл метрогоор явж, бусдыг ажиглахыг хүсдэг.
-Та маш олон жил “Nokia” компанийн гар утсыг 17 жил барьж, хоёр жилийн өмнө л ухаалаг утастай болсон гэж сонссон?
-Утас минь асахаа больсон учир шинийг авахаас өөр сонголтгүй болсон юм.
-Хүмүүс баян тансаг амьдарч, дэлхийн шилдэг брэндээр гоёхыг хүсдэг. Гэтэл та эсрэгээрээ юм?
-Миний өмссөн хувцас биед минь тухтай байхад л хангалттай.
-Таны гэргий энэ бүхэнд хэрхэн хандав?
-Тэр минь надаас илүү олон нийтийн арга хэмжээнд оролцдог. Мөнгө бол аз жаргал бэлэглэгч биш. Хүн мөнгийг зөвхөн хэрэглээ гэдгээр нь хүлээн авах учиртай. Харин аз жаргал чиний эргэн тойронд байгаа зүйлс. Та бүхэн энэ бүхнээс аз жаргалыг мэдэрч, илүү тайвнаар аж төрөх учиртай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ