Лейди Гага: Брэдлигийн царайлаг төрх намайг ховсдох шиг л болсон

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “A Star is Born” кино өчигдөр Лондон хотын “Vue West End” кино театрт нээлтээ хийлээ. Уг бүтээлийн гол дүрийг дуучин Лейди Гага болон холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер нар бүтээжээ. Дуучин бүсгүй шинэхэн бүтээлийнхээ талаар”Vogue”сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байна. Шинэхэн бүтээлээ өлгийдөн авлаа. Уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Энэ үдэш од шиг гэрэлтэхийг хүслээ. Киноныхоо нээлтийн өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Маш удаан хийгдлээ. Их ч ядарлаа, их ч хүлээлээ. Энэ бүх хүлээлт дуусгавар боллоо. Одоо сэтгэл санаа өөдрөг байна. Миний ертөнцөөс гарах бүх хүч, чадал, энерги энэ бүтээлд зориулагдлаа. Тиймээс үзэгчдэд таалагдах байх. Их хүлээлт үүсгэж байна.
-Та Элли гэх оргилуун мөрөөдөлтэй, авъяастай бүсгүйн дүрийг бүтээсэн. Шөнийн цэнгээний газарт ажиллаж, хэдхэн доллараар өдөр хоногийг өнгөрөөдөг хөөрхийлөлтэй бүсгүйн дүрийг бүтээх амаргүй байв уу?
-Элли бол би. Би бол Элли. Тиймээс огтхон ч хэцүү байгаагүй. Би ийм л амьдралыг туулж өнөөдөр дуучин гэх эрхэм алдрыг хүртээд байна. Миний өнгөрсөн амьдрал гэрэл гэгээтэй байгаагүй. Надад ч гэсэн мартахыг хүсдэг амьдрал бий. Гэхдээ би нууцлахыг хүсдэг ч бүгд мэддэг. /инээв/
-Та шөнийн цэнгээний газар дуулдаг байсан гэж үү?
-Тийм ээ. Би дуулж, зөөгч хийдэг байлаа. Уйтгар гунигаа давахад минь зөвхөн ДУУ ХӨГЖИМ л тусалсан. Би хүүхэд байхаасаа л дуу хөгжим гэхээр галзуурчихдаг нэгэн байсан. Тиймээс л жаргалтай байхын тулд урлагийн зам руу орсон. Энэ нь ч зөв болсон.
-“A Star is Born” киноны зураг авалт 1.5 жил үргэлжилсэн. Нэг бус удаа нээлтээ хийхээ хойшлуулсан санагдана?
-Тийм ээ. Үйл явдал нь маш энгийн. Зөвхөн дуу хөгжимд дурласан бүсгүйн түүх. Гэхдээ энгийн зүйл агуу байдаг. Тиймээс л сайн бүтээлийг төрүүлэхэд хугацаа шаардсан.
-Киноны эрэгтэй гол дүрийг холливуудын сайхан залуусын сайхан залуугийн нэг Брэдли Купер бүтээсэн. Түүнтэй хамтран ажиллах хэр байв?
-Тэр бол зүгээр л тэсрэх бөмбөг. Гайхалтай жүжигчнээс гадна тун царайлаг нэгэн. Түүний царайлаг төрх намайг ховсдох шиг л болсон.
-Холливуудын олон эрэгтэй бүтээлчээс энэ эрхмийг сонгосон шалтгаанаа. Таныг жүжигчин бүрийг сонгоход оролцсон гэж сонссон?
-Зүгээр л онцгой нэгнийг кинондоо тоглуулахыг хүссэн. Тэр онцгой нэг нь Брэдли байлаа. Түүний жүжиглэлт надад их таалагддаг. Өмнө нь хэд хэдэн уран бүтээлийг үзэж байсан. Тэгээд л хамтран ажиллах санал тавьсан юм. Саналыг минь хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байна гэгдээ дуулгахад их баярласан шүү. Брэдли байгаагүй бол энэ би зориг, тэвчээрээр цэнэглэгдэж чадахгүй байлаа.
-Та бол дуучин. Мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажиллах амаргүй байсан байх?
-Мэдээж хэрэг амаргүй байсан гэхдээ л би зөвхөн өөрөөрөө байхыг хүссэн. Бид анх удаагаа хамтран ажиллаж байгаа учир тухгүй зүйл их гарсан. Гэхдээ тэр бүрт бид өөрсөд дээрээ ажиллаж, алдаагаа засахыг хичээсэн.
-Та хоёр улаан хивсний ёслолд оролцохдоо тун дотно харагдсан. Хамтрагчид гэхээсээ хосууд гэмээр?
-/Инээв/. Тэгэж харагдсан бол сайн байна. Бид чинь хэсэг хугацаанд “дурлалт хос” байлаа. Бидэнд хайрладаг онцгой хүмүүс бий. Бидний нөхөрлөл зөвхөн хамтрагчдынх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ