Асиа Аргенто: Би хэнийг ч хүчирхийлж, дарамтлаагүй

Италийн нэрт жүжигчин Асиа Аргенто өөртэй нь холбоотой бэлгийн хүчирхийллийн дуулианы талаар “www.theatlantic.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та бол холливуудын хөшигний цаадах хууль бус үйдлийг илчлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Таны эхлүүлсэн #Me Too хөдөлгөөн олон ч эрхмийн багийг тайлж, үнэн төрхийг илчлэхэд тусалсан.
-#Me Too хөдөлгөөнийг эхлүүлэх гол зорилго бол ердөө л шударга бус зүйлтэй тэмцэх. Энэ хөдөлгөөний тусламжтай нэр алдраа цуурайтуулах эсвэл улстөрд орохыг хүссэнгүй. Өнөөг хүртэл хэн ч олж хараагүй тэр хууль бус зүйлийг илчлэхийг оролдсон. Хөдөлгөөн минь амжилттай олон улсад салбарлаж, олон ч эрхэм багаа тайллаа. Би өөрийнхөө бүх зүйлийг эрсдэлд оруулан холливуудын продюссер Харви Уэйнштэйний үнэнийг илчилсэн.
-Бүх зүйлээ эрсдэлд оруулсан таны хөдөлгөөн амжилтад хүрч байхад уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хатагтай томоохон асуудалд орчихлоо. Таныг 2013 он буюу залуу жүжигчин Жимми Беннетийг 17 настай байхад нь бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж байгаа?
-Ганцхан үнэн бол би Жимми Беннеттэй бэлгийн харьцаанд ороогүй. Би хэнийг ч хүчирхийлсэн эсвэл дарамтлаагүй. Би сонин дээр бичигдсэн зүйлийг уншаад маш их цочирдсон.
-Гэтэл хэвлэлийнхэн таныг түүнд 380,000 ам.долларыг өгсөн хэмээн мэдээлж байгаа. Энэ талаар?
-Би зүгээр л түүнд тусламж үзүүлье гэж шийдсэн.
-Яагаад?
-Бид өмнө нь уран бүтээлд хамтран ажиллаж байсан хамтрагчид байсан. /Тэд 2004 онд “The Heart is Deceitful Above All Things” кинонд ээж, хүүгийн дүрд хамтран тоглосон юм/
-“17 настай хүүг уруу татан Калифорни муж дахь нэгэн зочид буудалд оруулан, дараа нь бэлгийн харьцаанд орсон” гэж Беннетийн өмгөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн?
-Тэд зохион байгуулалттай миний эсрэг нэгдэж байна. Би гэм буруугүй гэдгээ илчлэх болно. Надад алдах зүйл үгүй.
-#Me Too хөдөлгөөний хохирогчид зөвхөн эмэгтэйчүүд үү?
-Хохирогч бол хохирогч. Хүйс огтхон ч хамаагүй.
-Харви Уэйнштэйн 70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн, хүчирхийлсэн хэмээн буруутгаж буй. Та бол Харвигийн үнэнийг илчилсэн анхны хохирогч.
-Би их удаан бодсон. Зүгээр л зөв гэсэн алхмаа хийсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ