Марк Уолберг: Миний залуу нас яг л гал шиг дүрэлзээд өнгөрсөн

Марк Уолберг: Миний залуу нас яг л гал шиг дүрэлзээд өнгөрсөн

Холливуудын нэрт жүжигчин Марк Уолберг “www.slashfilm.com” сайтад ярилцлага өгчээ.  Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Жүжигчнээс гольфчин болно хэмээн ярьж байсныг чинь санаж байна?

 

-Миний гольфийн тамирчин болно гэдэг хошин шог л гэсэн үг. Би үнэхээр гольф муу тоглодог. Одоо хүртэл гольфийн талбайд очихоороо уйтгарладаг. Үнэнийг хэлэхэд энэ спорт миний сонирхолыг огтхон ч татдаггүй. Гэхдээ би хэзээ нэгэн цагт кинонд тоглохоо больж, гэр бүлдээ цаг зав гаргах болно. Урлагийн хүнд цагийн хувиар гэж байхгүй. Чи хэдэн өдрөөр ч зураг авалтад оролцож магадгүй. Энэ бүхнээс болж гэр бүлийн маргаан үүсэж, хүүхдүүд хохирогч болох нь элбэг.

 

-Гэр бүлдээ хэзээ цаг гаргахаар төлөвлөж байна. Нэг үгээр холливуудын орхих төлөвлөгөөтэй байна?

 

-Энэ асуултаа 10 жилийн дараа асуугаарай. Тэр үед үнэний тухай ярих болно. Миний амнаас карьераа дуусгах талаар үг гарвал миний амжилтад сөргөөр нөлөөлөх байх. Утгагүй ярианаас болоод үзэгчдийг гомдоохыг хүсэхгүй байна.

 

-Та өөрийгөө их сайн удирдах юм аа. Амнаасаа болчимгүй үг гаргахгүй?

 

-Би өөрийгөө оргилд хүрсэн гэж бодохгүй байна. Надад тоглох ёстой кино, бүтээх ёстой дүрүүд бий.

 

 

-Та олны танил болохын тулд реппер, сурталчилгааны модель, тайлбарлагч хүртэл хийж явсан. Өнгөрснөө эргэн харахад ичих үе бий юу?

 

-Үгүй дээ. Би өнгөрсөн үедээ хайртай. Залуу хүн алдаж болно. Хамгийн гол нь надад өөрөөрөө бахархах цаг үе бий. Миний өнгөрсөн амьдрал, залуу нас минь яг л гал шиг байсан. Өөрөөрөө ичих утгагүй хэрэг. Хүн болж төрөөд өөрийгөө гоочлох нь тэнэг хэрэг. Нэг зүйлийг хэлэхэд би реппер байхдаа их дэгжин байсан. Их л гоё байсан. Дараа нь гэр бүл зохиож, аав болсныхоо дараа тэр бүгдийг эргэн санахад “Энэ залуу үнэхээр тэр залуу” гэж үү гэх бодол төрсөн. Учир нь бид хоёр яг л тэнгэр газар шиг өөр байсан. /инээв/ Гэхдээ би өөрөөсөө ичээгүй ч тэр их зориг хаанаас гарсан юм бол гэж гайхсан.

 

-Нэг хүнээс сонсож байсан юм. Таныг их танхай хүүхэд байсан гэж. Энэ үнэн үү?

 

-Тиймээ нуух зүйл байхгүй. 17 настай байхдаа хэд хэдэн удаа шоронгийн хаалга татаж үзсэн. Энэ насандаа гэр бүлээ тэжээхийн тулд хар тамхины бүлэглэлтэй холбоотой байсан. Гэхдээ хүн засардаг юм. Өнгөрсөндөө олон алдаа гаргаж үзсэн. Гэхдээ би хүн хохироож үзээгүй.

 

-Шоронд орж байсан гэлээ. Эргэн санахад?

 

-Үнэхээр аймар. Амьдралаа өөрчлөхгүй бол төмөр торны цаана насаараа хоригдох боломжтой гэдгийг ухаарсан шөнө. Хар тамхи борлуулсан хэмээн намайг баривчилсан. Би 48 цаг хоригдож байсан. Багаасаа л жижигхэн биетэй байсан учир их дээрэлхүүлж, зодуулдаг байсан. Өөрийгөө хамгаалж чадахгүй зодуулж байхдаа л үнэнийг олж мэдсэн. “Хэрвээ чи өөрчлөгдөхгүй бол чамайг хүчтэй нь зодож эсвэл чи хүчгүй нэгнээ ална” гэдгийг. Тийм учраас л би алдаа гаргахаас айдаг. Аль болох дуугүй байхыг илүүд үздэг. Би дөрвөн хүүхэдтэй. Хэрвээ би засраагүй байсан бол эдгээр хүүхдүүд хоригдол аавтай ч байх магадлалтай байлаа. Харин тэд жүжигчин аавтайгаараа бахархдаг.

 

 

-Ямар хүчин зүйл таныг ийнхүү өөрчлөв?

 

-Бурхан. Би аль болох өдөр бүр сүмд очихыг хичээдэг. Гэхдээ ажлын шахуу хувиараас болоод сүмд очихгүй үе бий. Тэр үед 20 минут залбирал үйлддэг. Бурхан надад сэтгэлээ цэвэрлэх, муу үйлээс хол байхыг заасан. 

 

-Өдөр бүр залбирал үйлддэг гэлээ. Юуны тухай залбирах уу?

 

-Сайн хань, сайн аав, сайн удирдагч, сайн уран бүтээлч болгохыг хүсдэг.

 

-Хүүхдүүд тань таны ажлыг үзэн яддаг гэж сонссон?

 

-Тиймээ. Хэрвээ нэг шинэ уран бүтээлийн санал ирвэл би шууд л завгүй болдог. Нэг удаа 20 хэдэн хоног хүүхдүүдээ хараагүй үе байдаг. Муу аав байхыг хүсэхгүй байна. Гэхдээ мөрөөдлийнхөө төлөө заримдаа муу аав болдог. Жүжигчин болох миний мөрөөдөл. Мөрөөдлөө тийм ч амархан орхихыг хүсэхгүй байна. Мөн хэн нэгэнд боломж олгоод, угаалгын өрөөндөө уйлахыг хүсэхгүй байна. Гэр бүлийнхээ төлөө л жүжигчний карьерээ эцэслэх болно.

 

-Яагаад жүжигчин болсон вэ?

 

-Жаргалтай байхын тулд. Мөн миний нэрийг олон хүн мэдээсэй гэж хүссэн учир.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ