Каннын кино наадмын дэлгэцнээ Монголын “Хөхөө” кино гарлаа

Каннын кино наадам 71 дэх удаагаа зохион байгуулагдахаар тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд манай Улсаас “Бид хэд нэгдэл”-ийн уран бүтээлчид “Хөхөө” богино хэмжээний киногоороо оролцож байгаа юм.
“Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48 цаг” кино наадам буюу "Filmapalooza 2018" кино наадамд оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино "Шилдэг график" "Шилдэг багийн жүжиглэлт" "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" "Шилдэг кино" гэсэн төрөлд нэр дэвшиж "ШИЛДЭГ ГРАФИК" номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино "Канн 2018" кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон аж.
Каннын кино наадмын дэлгэцнээ монголын “Хөхөө” богино хэмжээний кино гарсан бөгөөд Монголоос “Бид хэд нэгдэл” багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар оролцож байгаа юм байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард "Бид хэд нэгдэл" мөн 13 дахь удаагийн "Mobile Film Festival"-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтсан амжилт үзүүлсэн. Улмаар уг наадмын зургаан номинацаас "Шүүгчдийн нэрэмжит", "Хамгийн олон хандалт авсан" гэх хоёр номинацын эзэн болсон билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ