Б.Сарантуяа “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт хийнэ

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийдэг билээ. Энэ жил ч мөн эл өдөр тоглолтоо хийх гэж байна.
1995 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо МУГЖ Б.Сарантуяа болон “Saraa's Music Production” 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр болжээ.
4-р сарын 20-ны 19:00 цагаас Corporate Convention Centre-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэнэ.
Тоглолтын I хэсэг. "Инээмтгий хүн" театрчилсан тоглолт
2016 онд дуучин Сараа найз Эмүжинээр "Зууны дуу хоолой. Би Сараа" номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард "Хөх Монгол Принтинг"-ээр хэвлүүлсэн ба Дархан, Эрдэнэт, Өмнөговьд гуравдугаар сард номын баяраа тэмдэглэн, тоглолтоо хийгээд иржээ. Харин Улаанбаатар хотын үзэгчдэдээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа хамтад нь зориулж байгаа ба зохиолч Эмүжин, дуучин Сараа нар тоглолтын завсарлагаар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсэг зурах юм байна.
Тоглолтын II хэсэг. Хит дуунууд болон Морин Хуур Наадмын дэд байрын шагналт "Амьдрал" киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд.
1995 онд "Инээмтгий хүн" тоглолтыг On'n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг Skin Entertainment хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид оролцох аж.
Түүнчлэн Skin Entertainment "Инээмтгий хүн" дууны 1995 оны эх хувилбарт зориулан 23 жилийн дараа анх удаа албан ёсны клип бүтээж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болох юм байна..
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ