Элтон Жон: 2021 онд урлагийн их тайзаа орхино

Их Британийн нэрт дуучин Элтон Жон өчигдөр сүүлчийн аялан тоглолтын хуваарийг зарласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр сүүлчийн тоглолтоо хийснийхээ дараа урлагийн тайзнаас бууж, үлдсэн амьдралаа тайз бус гэртээ өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өдгөө 70 настай Элтон сүүлчийн тоглолт нь гурван жил үргэлжлэх бөгөөд 2021 оны хоёрдугаар сард дуусах аж.
Энэ хугацаанд дуучин эр дэлхийг тойрон аялах зорилготой байгаа гэнэ.
Аялан тоглолт ирэх есдүгээр сард эхэлж, Хойд Америк, Европ, Ази, Өмнөд Америк даяар нийтдээ 300 тоглолт хийхээр болжээ.
Тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “Би урлагт бүх насаа зориулсан. Харин үлдсэн цаг хугацаагаа нөхөр болон хөвгүүддээ зориулмаар байна. Юу ч бодолгүйгээр тэдэнтэйгээ цуг байж, аялмаар байна” гэж мэдэгдэв.
Тоглолтын хуваар нь ирэх есдүгээр сарын 8-нд АНУ, 2019 оны дөрөвдүгээр сард Европын өмнөд хэсэг, 2019 оны арванхоёрдугаар сард Австрали, 2020 онд Өмнөд Америк, 2020 оны гуравдугаар сард Европын хойд хэсэг, 2020 оны есдүгээр сард Их Британи, 2021 оны хоёрдугаар сард Хойд Америкийн орнуудад аялан тоглолтоо хийхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ