С.Жавхлан: Би асар их дарамтанд байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын их хурал уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан байна. Харин уг хэлэлцүүлгийг явуулах танхим гаргаж өгөхгүй боломжгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон бичгээр ирүүлжээ. УИХ-ын гишүүн С.Жавлхан мэдээлэлдээ:
-Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар УИХ-ын Тамгын газраас танхим гаргаж өгөх хүсэлтийг өнгөрсөн 12 дугаар сард 26-наас хойш гаргасан. Энэ хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч, УИХ, улстөрчид, эрдэмтдийн төлөөлөл оролцох юм. Гэвч бидний үйл ажиллагааг дэмжихгүй, хойшлуулсаар ирсэн. Ямар хүмүүс нь том том танхим авч хэлэлцүүлэг хийгээд байдаг юм бэ. Төр бузартаад задарч байгаа. Хэлэлцүүлэг хийе гэхээр эрх өгөхгүй байна. Төрийн ордон тамганы тосгүй болчихжээ.
Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас “Төрийн ордны А,Б,В,Г танхимууд намын бүлгийн болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан,биелэлтийн мэдээллийг сонсох болон УИХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан. Иймд таны зохион байгуулах гэж байгаа хэлэлцүүлэгт танхимын туслалцаа үзүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Би УИХ-ын Тамгын газрын дүрмийг судлахад УИХ-ын гишүүний санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй л гэж байна. С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна.
Нээлттэй хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан Бямбасүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, хүний эрхийн хуульд М.Ичинноров, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл гээд улстөр, нийгмийн олон талын төлөөлөл оролцох юм.
Тиймээс би Ц.Цолмонд дахин бичиг явуулж, Төрийн ордны танхимуудад 2016 оноос хойш явуулсан хэлэлцүүлгийн тайланг ирүүлэхийг шаардаж байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ