Т.Баасанхүү гэж хэн бэ?

Өнгөрсөн оны отгон барилдаан буюу Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаан тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Чансаа өндөр 128 бөх зодоглосон энэ барилдаанд Увс аймгийн тэс сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Кореаоптик” компани, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү онцгой сайхан барилдаж түрүүлэн Ерөнхийлөгчийн цом авлаа. Аварга, арслангууд манлайлсан энэ барилдаанд Т.Баасанхүү яагаад түрүүлчихэв гэж бөхийн өргөөнд очоогүй хүн асууж мэдэх юм. Тэгвэл түүний ёстой л од нь гийчихсэн байлаа гэж хэлж болно. Т.Баасанхүү гурвын даваанаас эхлээд өөрөөсөө өндөр цолтнуудыг өвдөг шороодуулсан. Гуравт улсын начин Ч.Цогбаярыг, дөрөвт улсын харцага Д.Бат-Эрдэнийг орхиж тавын даваанд өөрийг нь амлаж авсан улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд аварга Ч.Санжаадамбыг үзүүр, түрүүний барилдаанд улсын залуу заан Н.Жаргалбаярыг илт давамгайлан өвдөглүүлж түрүүлсэн юм. Харцагын төрсөн өдөр тохиосон нь бас түүнд хүч чадал нэмсэн байх. Т.Баасанхүүг бөхчүүд дотроо жижигэвтэр гэх ч тэр хэнд ч бярдуулдаггүй мордох, хонгодох, зөрж хутгах болон олон угсраа мэхтэй бөх. Бараг л хазахаас бусдыг хийдэг гэж бөхийн мэргэжилтнүүд магтдаг юм билээ. Тэр удамтай бол удамтай гэгдэх бөх. Аймгийн цолтой ах, дүү бөхчүүд бий. Ах Т.Мягмаржав нь аймагтаа төдийгүй улсад танигдсан аймгийн арслан бий. 1980-аад онд улсын аварга шалгаруулах барилдаанд олон удаа ирж барилдсан учир бөх сонирхогчид түүнийг андахгүй. Т.Баасанхүүгийн төрсөн нутаг Тэс сум улсын цолтой бөхчүүдээрээ Монголдоо нэгдүгээрт бичигддэг гэдэг. Харцага Т.Баасанхүү Батлан хамгаалахын их сургуульд сурдаг. 1913 онд улсын начин болсон бол 1915 онд улсын харцага цол хүртсэн. Монгол үндэсний бөхөд жижиг гэгдэхээр хүн яаж сайн барилдаж болдгийг дархан аварга А.Сүхбатын хойчийг залгаж үнэнээр нь харуулж яваа бөхдөө. Баасанхүү харцагыг давдаар амлаж барилдах бөх ер нь ховордоод байгаа юм шүү. Саяын барилдаан энэ байдлыг улам бататгав.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ