“Солиот эх” кино нээлтээ хийнэ

Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэсэн “Солиот эх” уянгын драма жанрын уран сайхны киногоо энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагчаар Ч.Ганзориг, ерөнхий продюсераар Н.Онон ажиллаж, гол дүрд нь МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав болон Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.
“Солиот эх” өгүүллэг нь 2004 онд “Бүх Хятадын шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм байна. Х Түц продакшн нь Wang Heng Ji-тэй уг бүтээлийг дэлгэцийн үүсмэл бүтээл болгох хамтын ажиллагаа 5 сар үргэлжилсний эцэст, албан ёсны гэрээг үзэглэж 2017 оны 7-р сараас зураг авалтандаа оржээ.
“Солиот эх” уран сайхны киногоор 1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг кино урлагаар дамжуулахыг зорьсон аж. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийг харуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ