О.Сэлэнгэ: Хэн дуртай нь багш болдог тогтолцоог зогсоогоод цалингаа нэм

Багш нарын цалинг нэмэх асуудлаар Монголын эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд багш нарын цалинг нэмэхийг дэмжиж байгаа бөгөөд хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй багш нар ажил хаяж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр байвал үүнээс үүсэх үр дүн, хариуцлагыг маргаан үүсгэж буй хоёр тал хариуцах ёстой гэж байлаа. Энэ үеэр МСХ-ны тэргүүн О.Сэлэнгээс үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.
-МЭЭХ болон МСХ нь багш нарын цалин нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхдүүдэдээ чанартай боловсрол олгоё гэвэл багш нарын цалинг нэмэгдүүлж ажиллах орчинг нь сайжруулах шаардлагатай. Тиймээс бид багш нарын амьдралд хүрэлцэхүйц, хүсэж буй цалинг нь өгөхийг Засгийн газраас хүсэж байна. Багш нарын цалин нэмэх асуудлыг бид бүрэн дэмжиж байгаа. Тиймээс бид үүнийг бүх боломжоороо дэмжиж ажиллана.
-Хэрэв багш нарын цалинг нэмэхгүй бол энэ сард хугацаагүй ажил хаяна гэдгээ Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдэгдсэн. Багш нар ажил хаяхаар хүүхдийн сурлага орхигдож байна. Улсын хэмжээнд хэчнээн сурагчийн эрх зөрчигдөж байна вэ?
- Улсын хэмжээнд 500 мянга орчим сурагч бий. Үүнээс 200 мянга нь нийслэлд сурдаг. Багш нар ажил хаяахад сурагчдын сурч боловсрох, аюулгүй байх зэрэг олон эрх зөрчигдөж байна. Тиймээс үүнд анхаарал хандуулах, асуудлыг системтэйгээр шийдвэрлэх цаг болжээ. Ажил хаяалт 10 хоног, магадгүй бүтэн сар үргэлжилсэн тохиолдолд үүнээс үүсэх хохирлыг хоёр тал буюу Засгийн газар, ажил хаялт зохион байгуулж байгаа тал үүрэх ёстой. Хүүхүүд одоогоор хичээлдээ тайван явж чадахгүй байна. Багшийн ажил юу болж байгаа бол, цалин нь нэмэгдсэн болов уу гэж сэтгэл нь зовш байгаа. Засгийн газар энэ бүхийг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
-Багш нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр сурагчдын сурах эрх орхигдох нь ойлгомжтой болоод байна?
-Ямар ч шийдвэр гаргасан хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой шүү дээ. Тиймээс багш нарын цалинг яаралтай нэмэхийг Засгийн газраас хүсэж байна. Мөн хэн дуртай нь багш болдог тогтолцоог зогсоох хэрэгтэй байна. ЭЕШ-ын оноо хүрээгүй, муу сурлагатай нэг нь МУБИС-д элэсдэг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Японд цэцэрлэг, бага ангийн багш нар хамгийн өнөд цалинтай байдаг. Бид энэ жишгийг дагаад мөн хамгийн сайн сурдгаа багш болгодог болмоор байна. Багшийн цалинг үе шаттайгаар нэмэхдээ энэ асуудлыг тусгах хэрэгтэй
-Танай зүгээс өөр ямар зүйл хүсэж байгаа вэ?
-Бид хүүхдээ аюулгүй байлгамаар байна. Эцэг, эхчүүд хүүхдээ зөвхөн сургууль дээр нь үлдээдэг биш тэнд давхар хүмүүжил олгодог байх хэрэгтэй байна. Өмнө нь хүмүүжлийн эрхлэгч гэж байсан. Тэр хүн хүүхдэд ямар нэгэн асуудал үүсвэл эцэг, эхэд нь мэдэгддэг байсан. Энэ систем орхигдоод байна. Хүмүүжлийн эрхлэгчийг нийгмийн ажилтнаар сольсон. Нийгмийн ажилтан 3000-4000 хүүхэдтэй ажиллаж байгаа. Хэчнээн сайн ажиллаа ч хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаггүй. Энэ хүний цалин сайн, багшаас ч илүү цалинтай байх хэрэгтэй. Мөн удирдлага дороо тодорхой ажлын хэсэг байгуулж хамтрач ажилладаг байх хэрэгтэй байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ