Украины зүүн хязгаарт өлсгөлөн газар авчээ

Украины зүүн хязгаарт өлсгөлөн, ажилгүйдэл газар авч байгаа тухай НҮБ-ын Украины асуудал хариуцсан төлөөлөгч мэдэгдлээ. Ойролцоогоор 1.5 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэж, хүнс тэжээлийн хомсдолд орсон гэв. Өнөөдрийн байдлаар 300 мянган орчим хүн хүнс тэжээлийн дутагдалд орсон бөгөөд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гэнэ.
“Оросууд тусгаарлагдсан мужийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж нийлүүлж байгаа ч нэг, хоёр өдрийн л хэрэгцээг хангаж байна” хэмээн “TASS” мэдээлжээ. Украин дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Жанкарло Стоппони “Улс төр, хямрал, үймээнээс болж энгийн иргэд амиа алдах вий хэмээн болгоомжилж байна. Газар нутгаа чөлөөлөх нь зөв хэдий ч иргэдээ нэгдүгээрт тавих нь хамгийн чухал. Зүүн хязгаарт хүнс нийлүүлэх талаар Киевийн удирдлагуудтай уулзсан ч уг уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй” гэж хэлсэн байна.
“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минксийн гэрээ хэдий сөргөлдөөний бүсэд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч зүүн хязгаарын оршин суугчид өдөр бүр буун дуу сонсдог тухайгаа сэтгүүлчдэд өгүүлжээ. “Тун удахгүй хэн гэрээг зөрчиж байгаа тогтоох болно” хэмээн Оросын талаас уламжилсан байна.
2014 оны наймдугаар сараас эхлэн Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага Луганск мужийн 370 мянган иргэн, Донецк мужийн 180 мянган иргэнд хүнс нийлүүлэх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ