Д.Пүрэвдаваагийн хувийн ”хар дэвтэр” олдсон

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан гэх тус дүүргийн “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”-ийн дарга асан Н.Эрдэнийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэв. Энэ тухай “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн Ц.Цэндсүрэн, БЗД-ийн 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа, хуульч өмгөөлөгч Г.Батбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өмгөөлөгч Г.Батбаяр: Н.Эрдэнэ түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн
-Н.Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн учраас өнөөдрийн хэвлэлийн хуралд өөрийн биеэр оролцож чадсангүй. Тэрбээр БЗД-ийн Засаг даргад зодуулсан хэргээр дүүргийнхээ цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах үедээ тус цагдаагийн хэлтэст бие нь муудан ухаан алдаж, түргэн тусламжаар III амаржих газарт хүргэгдсэн байна. Тэрбээр нэгдүгээр сарын 28-нд БЗД-ийн Тамгын газрын “Соёмбо” танхимд болсон хэргийн бичлэгийг яаралтай хуулж авахгүй бол Д.Пүрэвдаваа устгах гээд байна гэдэг зүйлийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст хэлсэн байгаа юм. Тэгэхэд цагдаагийн байгууллага тус асуудлыг хэдэн хоногийн дараа шийдэх байдлаар хүнд суртал гаргаж эхэлсэн. Тэгэхэд нь Н.Эрдэнэ бухимдаж улмаар эмнэлгийн тусламж авахад хүрсэн байгаа юм. Тиймээс эмэгтэйн оюун санаанд хүч хэрэглэснээс үүдэж эмнэлэгт хүргэгдсэн гэж үзэж байна. “Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.2 заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй албан тушаалтны албан тушаалыг түдгэлзүүлэн тухайн маргаан бүхий хэрэг үйл явдлыг холбогдуулан шалгах ёстой. Тийм учраас БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдавааг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж өгөөч гэж хүсч байна. Тэгэхгүй бол тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, албан тушаалын давуу байдал тогтоож байна.
БЗД-ийн 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваагийн хувийн хар дэвтэр олдсон
-Нэгдүгээр сарын 28-нд БЗД-ийн Тамгын газрын “Соёмбо” танхимд болсон үйл явдлийн ганц гэрч нь би. Би энэ асуудлаар Тахарын албанд хандсан байгаа. Д.Пүрэвдаваа албан тушаал, эрх мэдэлтэй. Тэгэхээр миний эрүүл мэнд амь нас хохирохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр намайг хамгаалалтад аваач гэдэг хүсэлтийг Тахарын албанд хүргүүлээд байгаа юм. Д.Пүрэвдаваагийн хувийн хар дэвтэр олдсон бөгөөд одоогоор Н.Эрдэнэ өөрийн биед хадгалж байгаа. Дэвтэрт түүний эрх мэдлээ ашиглан хэсгийн ахлагч нарыг хууль бусаар халсан зэрэг маш олон баримт бий. Шаардлагатай гэвэл дэлгэнэ. Мөн 13 хэсгийн ахлагч нарын урамшуулал 16 сая 340 мянган төгрөгийг энэ хүн олгоогүй. Энэ мөнгө хаашаа орсон бэ гэдгийг түүнээс хариуцлагатай асуумаар байна.
“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны ТУЗ-ийн дарга Ц.Цэндсүрэн: Иргэдийн эрх зөрчигдсөн байна
-Энэ иргэний эрх нь тодорхой хэмжээгээр зөрчигдсөн учраас манай холбоонд хандсан. Тиймээс иргэдийн эрхийг хамгаалахын тулд бололцоотой арга хэмжээг авч байна. Гэтэл энэ үйл явдлыг зарим хүмүүс сонгууль дөхсөнтэй холбон улстөржүүлэх явдал байгаа юм. Тэгэхээр манайд улстөрийн зорилго байхгүй гэдгийг хэлмээр байна. Эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдлын дагуу л ажилладаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ