Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн нийтээр Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр улс орон бүр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, үйл ажиллагааныхаа цаашдын зорилтоо тодорхойлдог. Энэ удаа "Эрт илрүүлж-Хамтдаа сэргийлье" уриан дор дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.
Манай улс ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох дэлхий нийтийн зорилтын хүрээнд өөрийн оронд хэрэгжүүлж буй арга хэмжээний тогтовортой байдлыг хангахад төр, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байгааг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлсэн.
ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд өнөөдөр ЭМСЯ, НҮБ-аас Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж, ХДХВ-ын халдварын талаарх улс орны болон дэлхий дахины сүүлийн үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувьд ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ. Харин бусад тохиолдлын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.
Өнөөдрйин байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдвартай эхээс төрсөн 12 хүүхдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтад оруулсан.
ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3 хувь, ДОХ-ын шатандаа оношлогдсон 18.7 хувь байгаа бол нас барсан 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Анх 2003 онд ретровирусын эсрэг эмчилгээг эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 144 хүн эмчилгээнд хамрагджээ.
Дэлхийн эрүү мэндийн байгууллагаас зөвлөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаануудыг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа юм.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой болж байна.
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын нягт хамтын үйл ажиллагааг сайжруулж 2016-2020 онд хэрэгжүүлэх БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх дэд хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж буйг мэдээлсэн.
Б.Хүлэг
Уншиж байна |