Сүүлийн үед манай улсад “Хог bucket challenge” аян улам бүр эрчээ авсаар байна. Эх оронч сэтгэл энгийн зүйлээс эхэлдэгийн бодит үлгэр дуурайл болсон энэ аянд элэг нэгт Монгол түмнээ элэгний хепатитын вирүсийн эрсдлээс хамгаалах их үйлсийг эхлүүлсэн ОНОМ сангийнхан ч нэгдээд байна. Тус сангийн хамт олон Дэлхийн Хепатитын өдрөөр "Цэвэр орчин-Эрүүл амьдрал" уриан дор зарим нэг ухамсар дорой хүмүүсийн ухвар мөчид харалган үйлдлийн улмаас хогондоо дарагдсан Туул голынхоо эрэг хөвөөг цэвэрлэж, эрүүл цэмцгэр орчинг бүрдүүлжээ.
Тэд мөн Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийг “Хог bucket challenge”- д нэгдэхийг уриалсан байна.
Дашрамд дурдахад Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хог хаягдал гардаг бөгөөд орчны бохирдол, хог хаягдал нь бохироор дамждаг хепатитын А, Е вирүсийн халдварыг үүсгэдэг ажээ. Тиймээс энгийн мэт зүйлээр эх орноо хайрлах үйлсэд нэгдэж, эрүүл жаргалтай амьдралын үрийг тарихад эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө үлгэрлэх ёстой гэж үзжээ.
Б.Дэжид
Уншиж байна |