“Энержи Ресурс”-ээс хариу ирвэл дүгнэлтээ гаргана

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга захирамж гарган “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар бүрэлдэхүүнд багтсан юм.
Ажлын хэсэг ахлагч Л.Эрдэнэчимэг өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгсөн байна. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Тавантолгой”-н төслийг хянах ажлын явц хэр байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Тавантолгойн асуудлыг УИХ-д оролцуулах эсэх дүгнэлтийг гаргаж өгөх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт бүх намын төлөөлөл болсон 10 гишүүн орсон. Өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийн зургаан гишүүн хуралдаж дэд хэсэгтээ даалгавар өгсөн. Бямба, ням гарагт дэд хэсэг ажилласан. Ямар ч байсан энэ долоо хоногт Засгийн газар Монголын төмөр зам, Зам тээврийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хэд хэдэн байгууллагуудаас лавлагаа авахаар албан бичгийг илгээж эхэлсэн байгаа.
-“Энержи Ресурс” компанийг гэрээнд оролцуулах талаар яригдаж эхэлсэн гэсэн. Энэ мэдээлэл гараад үнэн үү?
-“ Энержи Ресурс” компани нээлттэй компани учраас интернэтэд бүх мэдээлэл нь байдаг. Та бүхэн өнгөрсөн 2014 оны санхүүгийн тайланг нь интернэтээс олж харах боломжтой. Тэнд тухайн компанийг уг төсөлд оруулах гэж байгаа “нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа” гэдэг нь бичигдсэн байгаа. Жишээ нь, өнөөдөр Тавантолгойн төслийн танилцуулга дотор Өмнөговь аймагт “Энержи Ресурс” компаниас нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар бичсэн байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр мөн уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа. Дээрээс нь 600 сая долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн. Тэр 600 сая долларын барьцаанд “MMC” корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь “Энержи Ресурс” гээд бүх оролцогч компанийн хувьцаа байгаа. Тийм учраас бид өнөөдөр “Тавантолгой”-н төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой байгаа ийм өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, “Энержи Ресурс” болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн.
-Уг ажлын хэсгийг хууль зөрчиж байгууллаа гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар?
-Энэ талаар гишүүдийн зүгээс ч нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Урьд нь ийм ажлын хэсэг гарч байгаагүй гэсэн асуудлыг тавьсан. УИХ-ын даргын өгч байгаа мэдээллээр УИХ-ын дэгийн тухай хуулиар бол бол ийм ажлын хэсэг гаргах бүрэн боломжтой. Хууль зөрчсөн асуудал байхгүй гэсэн.
-Ажлын хэсэг хэзээ санал дүгнэлтээ гаргаж өгөх вэ?
-Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газарг болон “Энержи Ресурс” компани болон М.Энхсайхан сайдын зүгээс хариултаа өгчих юм бол дүгнэлтээ гаргачихна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ