А.Энхбат: Монгол Улс баялагийн хараалд нэрвэгдсэн
Монголын эдийн засгийн өнөөгийн байдал болон ирээдүйн чиг талаар Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн багш, доктор, дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.
s
-Монгол Улсын улс төрийн амьдрал тогтворгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа болов уу. Энэ тал дээр таны бодол?
-Манай улсын эдийн засгийн байдал сүүлийн 2-3 жилийн хугацаанд бууралттай, эдийн засгийн өсөлт тогтворгүй саарсан байдалтай явж ирсэн. Тухайлбал; 2011 онд 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, энэ онд бүр 6,9 хувийн өсөлттэй гарахаар байна. Гадны хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахаас өмнө тухайн улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, тэр дотроо улс төр болон хууль, эрх зүйн орчин тогтвортой эсэхийг судалж үнэлэлт өгөхийг эрмэлздэг. Үүний дараа шийдвэрээ гаргадаг. Энэ бүхнийг тооцож судалгаа хийдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн мэргэжсэн байгууллагууд байдаг. Өнөөдөр дэлхийд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг 5-6 байгууллагууд байна. Standard & Poor’s, Moody болон Fitch Ratings зэрэг байгууллагууд нь тухайн улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн түвшингийн үнэлгээг тооцож тогтоодог. Өөрөөр хэлбэл маш олон тооны шалгуур үзүүлэлтийг ашиглан тухайн улсын үнэлгээг тухайн улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл болон санхүүгийн эрсдэл гэсэн ерөнхий чиг шугамыг баримтлан тогтоодог. 2013 оны 12 дугаар сард Олон Улсын Fitch агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B+” байсныг бууруулан сөрөг болгосон байх жишээтэй. Мөн түүнчлэн Мооdy‘s манай улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн түвшинг бууруулж 2014 оны 7 дугаар сард B2 буюу Standard & Poor’s болон Fitch Ratings-ын үнэлгээгээр зэрэгцүүлэн авч үзвэл B болгосон.
s
Манай улсад эдгээр үнэлгээ нь хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг нь гол асуудал. Эдгээр Олон улсын хөндлөнгийн зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын улс төрийн өнөөгийн байдалд ялангуяа Н.Алтанхуягийн Засгийн газрын уналт, шинэ Засгийн газрын буюу шинэ ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох шийдвэр болон Монгол Улсын 2015 оны батлагдсан төсөв, гадаад өрийн өнөөгийн байдал зэрэгт аль хэдийн үнэлгээг өгч, тэдгээрийг гадаадын хөрөнгө оруулагчид хүлээн авч танилцан гаргах шийдвэрээ хийчихсэн гэсэн үг. Мэдээж энэ нь манай улсын эдийн засагт сайн талаасаа гэхээс илүү сөрөг үр дүнг авчрах магадлал өндөр бөгөөд энэ байдал өмнөх 1996-2000 онд болсон хэд хэдэн удаагийн Засгийн газрын уналтын давталт, тухайн үеийн банк санхүүгийн салбарын тогтворгүй байдал бий болох вий гэдгээс болгоомжлон Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээ түр азнах байдал руу шилжинэ гэсэн үг. Яг үнэндээ манай улсын макро-эдийн засгийн байдал хүнд, улсын төсвийн их хэмжээний алдагдал, хүлээгдэж байгаа их хэмжээний гадаад өр, төлбөр, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал их, арилжааны банкуудын найдвартай үйл ажиллагааны эрсдэл өндөр байгаа, чанаргүй зээлийн хэмжээ өдөр тутам өсөж байгаа зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх нөхцлийг бий болгож байна.
s
-Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар өөрчлөлт авчрах бол?
-Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар өөрчлөлт авчрах вэ гэдэгт хариулт өгөхөд хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэгдүгээрт, цаг хугацааны талаас нь буюу богино хугацаанд авч үзэхэд эдийн засагт хүндрэлийг шууд авчирна. Тэртэй тэргүй эдийн засаг нь уналттай саарсан үед энэ нөхцөл байдал үүссэн нь өсөлтийг бий болгохоос илүү уналтыг бий болгоно. Тухайлбал, төрийн оролцоо буюу Засгийн газрын хөрөнгө оруулалт, урсгал зардалтай холбоотой шийдвэрүүд удаашрана. Засгийн газрын зарлага гэхэд л ДНБ-ний 30 гаруй хувийг эзэлдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын уналтын энэ үйл явц нь урьд өмнө байгаагүй нөхцөлд байдалд үргэжилсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байх цаг хугацаатай давхцсан. Эндээс дүгнэхэд, өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн ирэх оны Төсвийн тухай хуулийг УИХ хуулийн хугацаанд шахагдан баталсан, нөгөө талаар шинэ Засгийн газар өмнөх Алтанхуягийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөв буюу батлагдсан төсвийг дахин өөрчлөх, тодотгох нөхцөл байдал хүссэн хүсээгүй үүснэ. Дунд болон урт хугацаанд авч үзэхэд үнэхээр Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлого нь эдийн засагт эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавруудыг авчирсан.
s
Энэ нь Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инцфляцийн түвшин, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, өрийн дарамт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, ОХУ болон БНХАУ хөрш орнууд монголыг оруулахгүйгээр хийн хоолойн хэлэлцээрт гарын үсэг зурсан зэргээс харахад ийм дүгнэлтийг хийж болно. Энэ нөхцөл байдалд хүргэхэд аль нэг нам, улс төр гэхээсээ илүү одоогийн УИХ-ын бүрэлдэхүүнд хамааралтай гэсэн үг. Манайханы гол алдаа бол бодлогын өөрчлөлт гэхээсээ илүүтэй эрх мэдлийн сандал, албан тушаалын өөрчлөлт гэдэг талаас нь хараад байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, үнэхээр эдийн засгийн стартеги нь буруу байсан бол энэхүү Засгийн газрын бодлогыг цаашид үргэлжлүүлэхээс илүүтэй өөрчлөн шинэ зөв эдийн засгийн бодлого стратегитай Засгийн газраар цаг алдалгүй солих нь зөв байсан. Тухайлбал “ЭЗЭН” 100 хөтөлбөр нь эдийн засгийн бодлого гэхээсээ илүү улс төрийн болон хууль, эрх зүйн өөрчлөлт шинэчлэлтийг тусгасан хөтөлбөр байсан бөгөөд дунд болон урт хугацаанд хэрэгтэй хэдий боловч богино хугацааны өөрчлөлтийг агуулаагүй байсан.
s
-Ер нь манай улсын эдийн засаг хүндэрсэн суурь шалтгаан нь юу байсан юм бэ?
-Манай улсын УИХ, Засгийн газар нь 2008-2009 онд болсон санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс ямар нэгэн сургамж аваагүй нь гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг түүхий эд, бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн хэлбэлзэлтэй шууд холбоотой гэсэн үг. Эрдэс баялаг буюу уул уурхайн ашигт малтмалын олборлолтоос орох орлого нь тухайн улс оронд давуу тал, бас сорилтуудын аль алиныг нь бий болгож байдаг. Энэ хоёр эерэг, сөрөг талууд нь түүний байнгын дагуул гэж үздэг. Энэ бүхнийг зөв тооцоолж эдийн засгийн зохистой бодлого явуулж чадаагүй улс орнууд Голланд өвчин буюу “Баялагийн хараал”-д өртдөг. Ийм улс орнуудыг дурдвал Kолумби, Ангол, Нигер, Эквадорын Гвинэй зэрэг улсуудыг дурдаж болно. Манай улс байгалийн баялагт шүтэн биширч түүнд дулдуйдах явдлыг орхиж, түүнийг хайхрахгүйгээр бусад салбарын төрөлжилтийг нэмэгдүүлэхэд илүү анхаарах байсан. Ингэснээр уул уурхайг шүтэж, бусад салбарыг зөнд нь орхих “аюул”-аас сэргийлэх юм. Учир нь байгалийн баялаг, эрдэс түүхий эдээс орох гэнэтийн орлого нь байнгын шинжтэй бус, тохиолдлын бөгөөд энэ нь араасаа ямагт хүндхэн сорилт дагуулж байдаг. Үүний тод илрэл нь улсын төсөвт эрдэс баялгийн бус орлогын хувийн жин буурч, ганц тулгуурт эдийн засгийн бүтцийг улам бүр тод томруун болгосоор, тэр нь жам ёсоор нэгэн цагт улс, төр, эдийн засгийн тогтворгүйдэл байдалд хүргэдэг.
d
Би түрүүн хэлсэн дээ, эрдэс баялаг, ашигт малтмалын үнэ өссөн мөчлөгийн үед түүнийг мөнхөд үргэлжлэх мэт төсөөлөлд автан “хууртаж” бий болгосон хэт өндөр зарлага бүхий төсвийн хүрээг үүсгэсэн. Мөн зардал ихтэй удирдлагын ба төрийн албаны бүтэц нь байгалийн баялаг олборлолтын үнэ буурахад эдийн засаг, төсөвт хүнд дарамт болж тусдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарлагын тэлэлт, их хэмжээний зээл авалт нь дараагийн мөчлөгт тохиолдох эрдэс баялгийн үнийн уналтын үед эдийн засаг, төлбөрийн чадварт асар их дарамт болж, үүнээс хамаарч төсвийг орлого, зарлагыг хумихаас өөр гарцгүй хүнд байдалд оруулдаг. Ашигт малтмалын үнэ хэлбэлзэх гол эх сурвалж нь түүний олборлолтын түвшний өөрчлөлт, Засгийн газарт олборлогч компаниудаас хийх төлбөрийн хуваарь байдаг. Гэхдээ ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн түвшин бол түүнийг хэлбэлзүүлэх хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл болдог. Манай улсын хувьд баялагийн буруу хуваарилалт, нийгмийн халамжийн зорилтод бүлгүүд рүү чиглээгүй их хэмжээний халамж, тэтгэлэг тухайлбал хүн болгонд 1.5 сая төгрөг, шинээр гэр бүл бологсод 500 мянган төгрөг гэх мэтчилэн, Засгийн газар уул уурхайн ордоо барьцаалсан Петрочайнагийн зээл, төрийн албан хаагчдын тооны өсөлт (200 мянга гаруй гэж тоологдоод байгаа, магад үүнээс илүү), үр ашиггүй албан тушаалтан, янз бүрийн төсөвт байгууллага болох төв, хүрээлэн, үр ашиг нь тооцогдоогүй улсын төсвийн хөрөнгө оруулалт (энэ нь илүү их улс орны хөгжил гэхээсээ илүү бизнесийн байгууллагын ашгийн үүднээс хийгдсэн), маш их хэмжээний гадаад өр, Засгийн газрын үр ашиг нь тодорхойгүй өндөр хүүтэй (Чингис, Самурай бонд) зээлийн төслийн санхүүжилт зэргийг дурьдаж болно. Энэ бүхэн нь одоогийн эдийн засгийн хямрах эхлэлийн цэг нь байсан гэж бодож байна. Харин хир удаан үргэлжлэх вэ? гэдгийг ямар бодлого явуулахаас л шалтгаална.
s
-Эдийн засаг тогтвортой өсөх суурь нөхцөл нь юу байж болох вэ. Шинэ Ерөнхий сайд эдийн засгаа аврахын тулд яаж ажиллавал илүү үр дүнтэй байх бол?
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд болон урт хугацаанд бий болгохын тулд богино хугацаанд төсвийн болон мөнгөний, валютын ханшны мөн түүнчлэн бүтцийн өөрчлөлтийн бодлогуудыг хооронд нь уялдаа холбоотой, нийцтэй байдлаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр бодлогууд нь бодит болон гадаад, Засгийн газар, мөнгөний секторуудад тусгалаа олж хэрэгждэг байх хэрэгтэй. Тухайлбал, Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай үед улсын болон хувийн секторын хөрөнгө оруулалтыг илүү их хумих бодлогыг хэрэгжүүлдэг. Шинээр томилогдох гэж байгаа Ерөнхий сайд, түүний Засгийн газар макро-эдийн засгийн бодлогын цогц стратегийг гаргаж дэвшүүлэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын гаргасан алдаа буюу Төв банкны үйл ажиллагаанд оролцдог эсвэл Монгол банк нь үнэ тогтворжуулах нэрийн доор гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцдог байж болохгүй. Улс нь хоёр төсөвтэй үйл ажиллагаа явуулдаг, ямар ч тооцоо судалгаагүй гэнэтийн шийдвэрийг гаргадаг байх ёсгүй. Тухайлбал, төвлөрлийг сааруулах нэрийн доор төрийн анхан шатны үйлчилгээ болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, спортой холбоотой гэсэн төсвийг орон нутагт шилжүүлэх гэх мэтчилэн анхаарах асуудлууд байгаа. Шинэ Засгийн газар богинохон хугацаанд ч гэсэн макро эдийн засгийн зөв бодлогын тавилтыг хийх үүргээ гүйцэтгэхэд хангалттай. Түүнээс бүх зүйлийг сайжруулах, өөрчлөх гэхэд цаг хугацааны болон цар хүрээний, түүнчлэн боловсон хүчний боломж, нөхцөл алга байна.
sa
-Ирэх оны эдийн засгийн төлөв хэрхэн харагдаж байна вэ? УИХ-ын гишүүд ирэх оны төсвийг хэлэлцэж хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан баталлаа. Энд нөхцөл байдалд илүүтэй юунд анхаарах ёстой байсан гэж Та үзэж байна вэ?
-Олон улсын санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, Олон улсын валютын сан өөрийн гишүүн улс, орнуудынхаа эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт шинжилгээ өгч, ирээдүйн чиг хандлагыг таамаглан прогноз хийдэг. Жишээлбэл, ОУВС 2014 оны 10 дугаар сард манай улсын 2014 оны эдийн засгийн өсөлт буюу бодит ДНБ-ний хэмжээг 9.1 хувь гарна гэсэн тооцоо хийсэн байна. Мөн түүнчлэн төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин 2015-2019 онд улам өсөхөөр дүр зураг харагдаж байна гэсэн дүгнэлтийг дэвшүүлсэн байна. Гэтэл бодит байдал дээрээ энэ онд 7 хувийн өсөлтийг давах уу үгүй үү гэдэг нь эргэлзээтэй байна. Ирэх онд буюу 2015 онд 8.4 хувь, 2016 онд 6.8 хувийн өсөлттэй гарна гэж таамагласан байгаа. Миний бодлоор ирэх оны эдийн засгийн өсөлтийн байдал гадаад болон дотоод нөхцөл байдлаас хамаарч ямар ч өөрчлөлт гарахгүй бол улам уналтын байдал руу шилжинэ. Гэнэтийн өөрчлөлт буюу гадаад нөхцлөөс шалтгаалсан эдийн засгийн тааламжтай нөхцөл байдал ойрын 2-3 жил харагдахгүй байгаа. Мэдээж энэ нь Их гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлого, хөрш орнуудын үйлдвэрлэлийн хэмжээнээс шалтгаална. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан бууралт үргэлжлэн явагдана.
s
Сая УИХ 2015 оны төсвийг төслийг батлахаас илүүтэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд илүүтэй анхаарсан нь бодлогын зарчмын өөрчлөлтийг хийх боломж, нөхцлийг цаг хугацаа тэдэнд олгоогүй. Зарим УИХ-ын гишүүд ирэх оны төсөв дээр өөрсдийгөө сайн ажилласан гэж хэвлэл, мэдээллээр зарлаад байгаа. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийн урсгал зардлын төсвийг 118 тэрбумаар бууруулсан, царцаагдсан хөрөнгө оруулалтын төслүүдийг үргэлжлүүлэхээр тусгасан гэж тайлбарлаж байна. Үнэндээ бол ямар нэгэн үр ашиг нь тодорхой биш төслүүдийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан нь УИХ өөрөө гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд ордог, тэдэнд ашиг сонирхлын зөрчил байна гэдгийг харуулсан. Харин Засгийн газар эдгээр дуусаагүй барилгыг хувийн хэвшилд худалдах, хувь эзэмших байдлаар шилжүүлэх, төр хувийн хэшлийн түншлэл, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зэрэг аргуудыг хэрэглэх байсан. Ингээд хэмнэгдсэн хөрөнгийн эх үүсвэрүүдийг энэ санхүүгийн хямралын үед илүү чухал ач холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулах болох боломж байсан. Цаашид олон улсын жишгийн дагуу Парламент нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг дээд тал нь 1 тэрбум төгрөгөөр өөрчлөх саналтай байгаа бол Засгийн газарт нь буцаадаг дүрмийг нэвтрүүлэх хэрэгтэй.
s
-Уул уурхайн салбар Монголын эдийн засгийг аврах арга замын нэг гэж үзэх нь бий. Уул уурхайг түшиглэж хөгжилд хүрэх нь ямар ирээдүйг авчрах бол?
-Үнэхээр зарим эдийн засагчид уул уурхайн салбар бол монголын эдийн засгийг аврах цорын ганц гарц гэж үздэг тал бий. Ийм үзэл бодлыг илэрхийлэгчид нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг далдуур хамгаалсан гэдгийг нуугаад яах билээ. Өнөөдөр манай улс газрын доор мэдэгдэж байгаагаар 80 гаруй төрлийн байгалийн эрдэс, баялагтай улс орон. Эдгээр баялагийг хэрхэн зөв зарцуулахаас бүх зүйл шалтгаална. Их хэмжээний байгалийн баялаг олборлолтоос олсон орлого нь улс орныг ашигт малтмалд хэт найдагч, “түрээслүүлэгч үндэстэн” болгодог. Өнөөдөр манай улсын бодит байдал үнэндээ ийм улс орон болчихсон гэдгийг харуулж байна. Уул уурхайн салбарыг түшиглэн эдийн засгийн өндөр хөгжилтэй болчихсон улс орон ховорхон байгаа.
s
-Үйлдвэрлэлийг хөгжүүлж байж тогтвортой өсөлттэй эдийн засгийг бүрдүүлнэ гэж үздэг. Гэвч манай улсын хувьд эрх баригч намын бодлого илүү тусгагдаад байдаг. Ингэснээр сайн төслийг цааш нь үргэжлүүлэхгүй дахин шинэ зүйл эхлүүлж, эцэстээ энэ үзэгдэл хэвшмэл ойлголт болж байна. Ер нь дэлхийн улс орнууд ялангуяа уул уурхай, ашигт малтмал бүхий улс орнууд ямар зарчмыг баримталж, эдийн засаг нь тогтворжиж иргэдийн амьдрал сайжирдаг юм бэ?
-Аливаа улс оронд тухайн улсын үндэсний хөгжлийн урт болон дунд хугацааны стратеги гэж байдаг. Тэрхүү үндэсний урт хугацааны бодлоготойгоо уялдуулан сонгуульд оролцох нам, бүлэг бодлогоо тодорхойлж хэрвээ сонгуульд ялбал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Энэ бүхэн үндэсний хөгжлийн урт болон дунд хугацааны стратеги гэсэн нэг л хайрцаганд багтаж хэрэгждэг. Засгийн газар нь огцроход бодлого нь тодорхой байдаг учраас тогтвортой байх нөхцлийг бүрдүүлдэг. Салбарын хувьд ч адилхан. Өнөөдөр Монгол Улсад ийм тогтолцоо бүрдээгүй байгаа. Олон улсын туршлага, сургамжаас харахад төсөв, санхүүгийн оновчтой маш сайн хувилбарыг сонгож эрдэс баялаг олборлож, боловсруулдаг улс орон л байгалийн баялгийн “хараал” тусахаас зайлсхийж чаддаг. Эрдэс баялаг олборлогч улс орон бүр байгалийн баялгийн “хараал” заавал хүрдэггүй. Энэхүү “хараал” тусахаас сэргийлж болдогийг төсөв, санхүүгийн сайн бодлоготой орнуудын практик нотолдог. Үүнд Норвеги, Чили, Ботсвана зэрэг улсуудыг дурьдаж болно. Эдгээр орны туршлагаас үзэхэд баялгийн “хараал”-аас амжилттайгаар зайлсхийх арга нь тэрхүү эрдэс баялгийн орлогын урсгал түрэн орж ирэхийн өмнө түүнийг зохистой удирдах институц тогтолцоо, эрх зүйн орчинг аль хир урьдчилж бий болгох юм. Мөн эрдэс баялгийн орлого буурах үед төсөв санхүүгийн талаар баримтлах стратегийг тодорхойлж төсвийн орлогын мөчлөг унамагц үйлчилж эхлэх бэлтгэлийг сайтар хангахаас шууд шалтгаалдаг. Ийм бодлогыг авч хэрэгжүүлсний үр дүнд ард иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг төр өөр дээрээ авч, түүнийг даван туулснаар хүмүүсийн амьдралд ирэх ачаалал багасаж, илүү төрдөө итгэсэн, тогтвортой орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
s
-Ирэх оноос Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тогтолцоо хэрэгжээд эхэлнэ. Монгол Улсад цоо шинэ гэж болох энэхүү тогтолцоо эдийн засгийн хувьд ямар өөрчлөлтийг авчрах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн мэдүүлсэн “Шилэн данс”-ны тухай хууль ирэх оны буюу 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэнэ. Үнэхээр сайн засаглал буюу ухааалаг төрийг бий болгох, мөн түүнчлэн авилгалыг бууруулахад энэхүү хууль нь чухал ач холбогдолтой. Хуулийг боловсруулсан мэргэжилтний хувьд хэлэхэд энэ хууль нь улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Харин Засгийн газар, түүний холбогдох агентлагууд, УИХ ч мөн адил энэхүү хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс бүх зүйл хамаарна. Сайн хэрэгжүүлбэл олон улсын түвшинд сайн туршлага болох талтай. Далд эдийн засгийн хэмжээ багасах нөхцлийг бүрдүүлнэ.
s
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ