Зуны өдөр богинохон
2014-06-16

Зуны өдөр богинохон. Энэ үг шүлэг найргийн ишлэл биш л дээ. Барс зах дээр тэрэг түрж ногоо ялгаж арилгаж хэдэн төгрөг олдог хүү санаандгүй үг солих зуурт хэлж байсан юм. Ээж нь хэдэн дүүтэй нь машин угаана. Хүү арай том биетэй тул зах дээр гарч ажиллана. Яагаад ээж нь ажилгүй аав нь хаачсан талаар өгүүлэх бол бусдын л адил нэг амьдралын тааруухан зураглал, намтар бууна. Харин 10 настайгаасаа сургуулиа орхиж, хар ажил хийх болж, хөдөлмөр эрхэлдэг Монголын 100 мянга орчим хүүхдийн эгнээнд орчихсон хүүгийн тухайд өгүүлэх асуудал байна.

5

Хаа нэгтээ хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг тэвчье гэсэн уриаг бид хардаг. Ийм төрлийн хурал семинар хэлэлцүүлэг их болдгийг ч мэднэ. Тийм хурал яриан дээр энэ талаар олон судалгаа явуулж тоо мэдээ цуглуулсан хийгээд олон төрөл чиглэлд ажил өрнүүлж байгаа талаараа зохион байгуулагчид хэлдэг. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг дөрвөн жил тутамд нэг удаа судалдаг юм байна. Энэ судалгаагаар 2008 онд 70 гаруй мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон. Хамгийн сүүлийн судалгаагаар 20 мянгаар нэмэгдсэн байна. Нас биендээ ахадсан хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх олонх нь амь нас, эрүүл мэнддээ халтай тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгааг зохих байгууллагууд төрд анхааруулсаар байна. Хүүхдүүд олноороо хүнд хортой нөхцөлд хөдөлмөрлөж байгаа төдийгүй жил ирэх тусам тоон үзүүлэлт нь өссөөр байгаа энэ дасал мэдээг нэг нэгтгэж харах ёстой болсон мэт. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн  10368 хүүхэд нь хүнд хортой хөдөлмөр эрхэлж байна. Энэ хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбар, уул уурхайд ажиллаж байна хэмээн Хүүхэд залуучуудын хөгжил, хамгаалал хариуцсан байгууллагын төлөөллүүд мэдэгдсэээр л байна. Манай улс хүүхдийн эрхийн болон хүүхдийг  хөдөлмөр эрхлүүлэхийн эсрэг ОУ-ын бараг бүх тунхаг конвенцид нэгдэж орсон  байдаг. Олон улсын байгууллагаас багагүй ч мөнгө санхүүжилт авдаг байх. Энэ хөрөнгө мөнгөний тоон дүнг хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоон дүнтэй харьцуулбал тийм магтууштай харагдахгүй. Гадаад дотоодоос авсан зарцуулсан мөнгөний дүн өссөн. Харин хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо буураагүй. Харин ч нэмэгдсэн байдаг.

5

 “Насанд хүрээгүй охид биеэ үнэлж байна” гэж мэдээлж байгаагаас хүүхдийн хөдөлмөр тэр дундаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай төрийнхөн олон нийтийн ажилтнууд ч ямар ойлголттой явдгийг харж болно. Уул нь бол насанд хүрээгүй тухайн хүүхэд бусдын шахалт нөлөөгөөр хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хэрэг. Биеэ үнэлж буй хэрэг бус. Гэтэл үүнийг хүүхдийн хөдөлмөр эрхлэх гэдэг гол асуудлаас нь салгаж биеэ үнэлэх асуудал ихсэж нас нь “нялхарч “байна гэж  сенсаацалдаг.

5

Хүүхдийн хөдөлмөрийн асуудал ганцхан тухайн гэр бүл, хүүхдийн байгууллагын ажил биш төрийн анхаарал оролцоотой салбар дундын өргөн хүрээ оролцоотой ажил юм шиг харагддаг. Нийгмийн хамгааллын яаман дээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг багасгах чиг үүрэг бүхий албан тушаалтан мэргэжилтэн байдаг бол, Хүүхдийн байгууллагад мөн адил байдаг. Эрүүл мэндийн яаманд ч бас энэ асуудал хамаатай болж ирнэ. Үүн дээр бусад ТББ –дыг нэмбэл хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “занималддаг” хөрөнгө мөнгө босгодог газрууд өнөр олон болоод ирнэ.

5

Гэхдээ энэ бүхнийг уялдуулсан хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагтай байгаа харагддаг. Засгийн газар, Хууль зүйн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хамгийн наад зах нь гэр бүлийн хүчирхийллийг иргэний маргааны журмаар шийдвэрлэдэг байсныг өөрчилж, зарим ноцтой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ингэснээр хохирогчийг хамгаалах хуулийн процедур ч бас тодорхой болж байгаа юм байна.  Үүнтэй адил Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, зохион байгуулж, нөхцөл бололцоог бий болгож байгаа этгээдүүдэд тооцох хариуцлагыг тодорхой болгож чангатгасан бие даасан хууль хэрэгтэй болж байгаа харагдана.

5

Хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал гадны хэн нэгний гэхээсээ илүүтэй гэр бүлийн хүрээний гишүүдийн санаачилга оролцоотой түлхүү байгаа нь ажиглагддаг.  Оройдоо тэрэг түрсээр ирэх хүүхдийнхээ мөнгөөр амьдарч өдөржин гэрийн сүүдэр тойрч архиддаг аав ээжүүд зөндөө байдаг. Төрсөн хүүхэд эцэг эхээ тэжээж байна гэх тайлбар бол тэдгээр мөлжигчдийн завжиндаа зажилж хэлдэг үг нь. Ийм эцэг эхийг яах ёстой вэ. Хийж байгаа үйлдэл нь хүүхдийн хөдөлмөр мөлжиж шулж байгаа хэрэг гэж ойлгуулан сургалтанд суулгаад байх нь тийм ч үр дүнтэй биш болохоо харуулсан. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн суурь шалтгаан болсон нийгмийн асуудал ажилгүйдэл ядуурал зэргийг бүрэн шийдэх цаг хугацаа тийм ч ойр харагдахгүй байна. Тэгэхээр хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг эцэг эх, түүнийг өөгшүүлдэг хүмүүс байгууллага, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж “гэмт хэрэгт” тооцох хуулийг батлах  нь ойрын үр дүнтэй байж болох юм.

6

Гэр бүлээ тэжээх хоолны мөнгөө заавал олохоор өдөржин зүтгэх хүүд зуны өдөр богинохон байдаг гэдэг нь үнэн байх.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин