

Бизнесээс төрд “шургалсан” эрхмүүдийн талаарх цуврал материалуудыг Shuud.mn сайт уншигчиддаа хүргэж эхэлсэн. Төрийн бодлого болохгүй байна, бүтэхгүй байна, дарамттай байна гэсэн түмэн шалтгааныг тоочин, үглэж дуулсаар улстөрд хөл тавьдаг бизнесийн салбарынхан гарч ирсэн хойноо жинхэнэ зорилгынхоо төлөө явж дийлдэг билүү. Хэрэв хувийн хэвшлийнхнийг тушаад байгаа хууль тогтоомжуудад хуруу гараа дүрж бусдыгаа аврахын төлөөнөө орж ирдэг юм бол болж бүтэхгүйн тухай яригсад яагаад цөөрдөггүй юм бэ гэсэн асуулт төр түшсэн эрхэм бизнесмэнүүдийг ямагт дагаж буй гэдгийг эхлээд тодотгоё. Ингээд илүүг нуршилгүй, энэ удаагийн онцлох эрхэм УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдод анхаарал хандуулъя.
УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр Германд боловсрол эзэмшиж ирээд Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ардчиллын төлөөх үйл хэрэгт оюутан залуусыг удирдан оролцож, улмаар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүх бий ч, түүнийг бизнесийн салбарт "торниж", улстөрд орсон гэх нь илүү үндэслэлтэй. Учир нь 1993 онд дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан бөгөөд тус групп нь өдгөө банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болчихоод байна. Харин аварга том гэж тодотгоход болох эл “Бодь интернэшнл” группын хувьцааны 7896027 ширхэг буюу 33,34 хувь нь Л.Болд сайдын мэдлийнх бөгөөд Бодь группын охин компаниудын олонхи нь түүнийг улстөрд хөл тавьснаас нь хойш байгуулагдсан байдаг.
Цаашлаад түүний өв хөрөнгийн тухай өгүүлэхээсээ өмнө бизнесээс улс төрд хөл тавьсан эрхмийн түүхээс цухас өгүүлэх нь зөв болов уу. Л.Болд эрхмийн аав Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсан зах зээлийн шинэ нийгэм монголд бүрэлдэн эхэлсэн 1990 онд “Бодь” хоршоог байгуулж байж. Улмаар, аав ээжийнхээ байгуулсан хоршоог хоёр хүү нь найзуудтайгаа нийлэн өргөжүүлж “Бодь интернэшнл” компани болгохдоо Германаас санхүүгийн дэмжлэг авсан байдаг. Тэдний бизнес өргөжсөн үүх түүхийг харж байхад Л.Болдын санал санаачлага нэлээд жин дарж байсан нь харагддаг. Тухайлбал, “Бодь интернэшнл” компаниа байгуулчихаад хагас жил орчим худалдаа хийж овоохон хөрөнгөжсөний дараа “Бид дан ганц ийм наймаа хиймээргүй байна. Ирээдүйг одооноос харах ёстой. Ер нь оюун ухаанаа л ашиглаж хөдлөх хэрэгтэй” хэлсэн нь Л.Болд байж. Энэ тухай "Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц" номонд өгүүлсэн нь бий.
Мөн 1995 онд анхны хувийн банк болох ”Голомт” банк үүдээ нээхэд хүргэсэн шанг анх татсан хүн нь Л.Болд. Тэрбээр санхүүгийн чиглэлээр ажиллавал ирээдүйтэй болохыг олж харж, бусад нь санал нэгдэснээр Голомт банкийг байгуулахаар эргэлт буцалтгүй шийдэж, улмаар дүү Л.Болдхуяг нь Германы "Коммерц" банкны захиралтай уулзсан уулзалт нь амжилттай болж хоёр сая дойч маркийн зээл нь бүтэж байсан түүхтэй аж. Голомт гэдэг нэрийг аав нь ямагт бадарч дүрэлзэж байх ёсны билэгдлээр өгч байжээ. Ингээд ярьвал Л.Болд нарын бизнесийн түүх олон хуудаст багтах аж.
Хувийн мэдээллийг нь хүргэхэд, Гоо зүйн шинжлэх ухааныг монголд нэвтрүүлсэн С.Лувсанвандан агсны хүү тэрбээр 1961 аравдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төржээ. Боловсролын тухайд 1969-1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, 1979-1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургуулийг нийгэм судлаач мэргэжлээр төгссөн. Англи, орос, герман, франц хэлтэй.
Ажлын туршлага нь: 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн Зааварлагч, 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн зааварлагч,1989-1991 онд Монголын Оюутны Холбооны орлогч дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга, 1990-1992 онд Ардын Их Хурлын Депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1993 онд Дэлхийн Монгол Туургатан Оюутан Залуучуудын Төвийн Тэргүүн, 1993-1996 онд Бодь Интернэшнл Группийн Ерөнхийлөгч, 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази Номхон Далайн Бүсийн дарга, 2000-2004 онд Голомт банкны төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга, 2005 онд Монгол Банкны холбооны ерөнхийлөгч, 2004-2008 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын дарга, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа. Соёл урлагийн салбарт “Гоо зүйн дээд шагнал”-ыг санаачлагч бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг дэмжигч хэмээх тодотголын эзэн тэрбээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүү нь American school-д суралцдаг гэсэн мэдээлэл бий. Хувь мэдээллийг нь харахад ийм байна.
Тэгэхээр дээр өгүүлсэнчлэн Л.Болд эрхмийг 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш улстөрд албан ёсоор хөл тавьсан гэж харах нь зөв биз.
Тэрчлэн 1996 оноос хойш байгуулагдсан охин компаниудынх нь мэдээллийг товч хүргэе.
1996 Даатгалын салбарт хувийн секторын анхдагч Бодь Даатгал компани байгуулагджээ.
1997 Бодь Групп мэдээлэл харилцаа, технологийн зах зээл рүү орж мэдээллийн технологи, компьютерийн худалдаа үйлчилгээний Бодь Компьютер ХХК үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
"1997 Автомашины худалдаа, vйлчилгээний Бодь Автомотив ХХК байгуулагдаж, Монгол дахь Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болжээ.
1997 Барилгын гүйцэтгэл хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдсан байна.
2000-2003 Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК үйл ажиллагаагаа эхлэжээ.
Бодь компьютер ХХК-ийн Компьютер худалдаа үйлчилгээний хэлтэс бие даасан MPC ХХК болсон байна. Электрон кард технологи болон пластик кард хэвлэлийн Бодь компьютер ХХК–ийн хэлтэс бие даасан Smartcard ХХК болжээ.
2002 Барилгын салбарт Монгол Хятадын хамтарсан Мон-Чи-Кон компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Барилгын салбарт ихээхэн туршлагатай, нэр хүнд бүхий Монгол-Оросын хамтарсан Инкон ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших болсон байна.
Мөн онд Сар Шинэ ХХК банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан байдаг. Монгол Лизинг ХХК байгуулагдав.
2003-2005 “Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилга ашиглалтанд оров. Бодь цамхаг” ХХК үл хөдлөх хөрөнгийн компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхны компани болох Мэйжикнэт ХХК-д хөрөнгө оруулж хамтран эзэмших болжээ.
2005 Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан Бодь Группын 3 охин компани менежментийн бодлогын дагуу нэгдэж Бодь Электроникс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
"2006-2008 Бодь Электроникс ХХК нь Fujitsu Siemens-ийн хамгийн анхны үзүүлэх танхимыг Улаанбаатар хотод нээв.
“Бодь Пропертийз” Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав.
Бодь Автомотив ХХК нь Монгол дахь SIXT группын албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
2007 Бодь электроникс ХХК нь Miele брэндийн албан ёсны дистербьютер болж үзүүлэх танхимийг Улаанбаатар хотноо нээв.
Бодь электроникс ХХК нь Бодь компьютер маркет нэртэй компьютер болон аюулгүйн системийн төвийг нээв.
Дэлхийн тэргүүлэх дүнзэн байшингийн үйлдвэрлэгч Финляндын Хонкатай хамтран Хонка Лог Хоум ХХК нь үйл ажиллагаагаа нээв.
2008-2010 Сайфлинк ХХК нь TBE ХХК-тай 51% -ийн хөрөнгө оруулалттайгаар хамтран уул уурхай, барилга угсралтын машин худалдаа, гүүр зам барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
2009 Сүхбаатар хөгжил” компани байгуулагдав.
"2010" Бодь автомотив компанийн автомашин худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн төв нээгдэв. Мөн Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын чиглэлээр “Proset real estate” компани тус тус байгуулагджээ. Мөн
Монгол Масс Медиа Групп буюу хэвлэл мэдээллийн салбар дахь хөрөнгө оруулалт нь ихээхэн идэвхжсэн. Тэгэхээр Л.Болд эрхэм Монголын улстөрд хөл тавьсаны араас “Бодь интернэшнл” группын 20 гаруй охин компани мэндэлсэн байна.
"Шинэ төгөл" хотхон
Сонирхолтой нь, ийм хэмжээний группын үүсгэн байгуулагч эрхэм 2008 сонгуулиар гарч ирсэнийхээ дараа АТГ-т УИХ-д сонгогдогчийн хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлогоо 43875.6 төгрөг гээд гэр бүлийн гишүүдийн орлогоо мэдүүлээгүй байдаг. Орон сууц 1 ширхэг гээд үйлдвэр үйлчилгээ 0 ширхэг хэмээсэн нь анхаарал татдаг. Мөн машингүй, малгүй, бас газаргүй гээд л байх юмгүй хүн шиг мэдүүлсэн байдаг юм. Гэхдээ Бодь Интернэшнл ХХК-д 7896027 ширхэг хувьцаа эзэмшигч гэдгээ илэрхийлж байж.
Мөн 2010 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын хувиар хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ ч машин, үйлдвэрлэл үйлчилгээгүй гэсэн. Мөн иргэнийхээ хувиар газраа өмчилж аваагүй юм байна гэж ойлгогдохоор мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр эрхмүүдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг нэртэй АТГ-ын үйл ажиллагаа эндээс харагдаж байна гэхэд болох юм.
Ямартай ч, “Далд шийдэгдсэн бэлэн асуудлыг парламент хэлэлцэж байгаа”-д шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлэх дуртай энэ эрхэм Сонгуулийн хуулийг шинэчлэхээр нөхдийн хамт хуулийн төсөл боловсруулсан нь, хэлэлцэгдэж байгаа билээ. Сонгогчид эрх баригчдаас ажлын байр, орлогын өөр эх үүсвэр, бизнесийн таатай орчин, нийгмийн шударга тогтолцоог хүсч байгаа талаар мэдэж буйгаа илэрхийлдэг тэрбээр Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрийн санаачилга гэдэг дээр баттай зогсдог юм. Хүний хөгжил сан гэдэг нь улстөрчдийн бэлэн мөнгөний амлалтыг биелүүлэх гол дамжлага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Л.Болд хэлэхдээ “...Баянмонгол корпораци байгуулах үзэл санаа тусгалаа олсонд би санаачлагчийн хувьд төдийгүй монгол улсын нэгэн иргэний хувьд баяртай байна. Зөвхөн би төдийгүй монголчууд бүгдээрээ баярлах учиртай том шийдвэр гэж бодож байна. Учир нь, өмнө нь уул уурхайн зарим том төсөл манай улсад хэрэгжсэн ч үр шимийг нь эрх мэдэлд ойр хэсэг бүлэг хүмүүс хүртэж, дийлэнхи ард иргэдэд хүртээлгүй явж ирснийг бид мэднэ. Харин одоо иргэн бүр хувь, хишиг хүртэж, баялгийнхаа эзэн байх боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл Баянмонгол корпораци байгуулах санаа маань мөрөөдөл байснаа бодит биеллээ оллоо” хэмээн ярьдаг юм. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Мөрөөдөл биелсэн ч, үр дүн нь тийм ч гэгээтэй үзэгдэхгүй байгаа юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ