
Лондоны биржийн “шалгарсан” технологийг нэвтрүүлж байгаа Монголын хөрөнгийн биржийн арилжааны тойм мэдээллийг хүргэе. Үнэт цаасны зах зээлийн аравдугаар сарын мэдээллээс харахад нийт 21 удаагийн арилжаагаар 80 компанийн 7.6 сая ширхэг хувьцаа, 218.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бонд, 36.2 мянган ширхэг компанийн бондыг арилжиж, нийт 51.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Нийт гүйлгээний үнийн дүнгийн 56.7 хувь буюу 28.9 тэрбум төгрөгийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 42.6 хувь буюу 21.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын арилжааны гүйлгээний дүн, 0.7 хувь буюу 361.6 сая төгрөгийг компанийн бондын арилжааны дүн тус тус эзэлж байна.
Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 26.9 тэрбум төгрөгөөр буюу 14.5 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 22.8 тэрбум төгрөгөөр буюу 4.7 дахин тус тус өссөн байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 2.8 сая ширхэгээр буюу 1.6 дахин өсч, өнгөрсөн оны мөн үеэс 1.9 сая ширхэгээр буюу 19.9 хувиар буурсан байна.
Анхдагч зах зээлийн арилжаагаар “Шарын гол” ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 11,117 төгрөгийн үнэтэй 1,646,257 ширхэг хувьцааг нийт 18,301,439,069 төгрөгөөр арилжсан нь энэ сард хийгдсэн нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 63.1 хувийг эзэлж байна.
Дунджаар 1.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байна
Хувьцааны арилжааны тухайд “Ремикон” ХК-ийн 2.5 сая ширхэг, “Шарын гол” ХК-ийн 2.3 сая ширхэг, “Гермес центр” ХК-ийн 654.3 мянган ширхэг, “Сор” ХК-ийн 646.9 мянган ширхэг, “Силикат” ХК-ийн 465.9 мянган ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн их арилжигдсан үнэт цаас юм. Арилжааны үнийн дүнгээр “Шарын гол” /25.7 тэрбум төгрөг/, “Таван толгой“ /852.1 сая төгрөг/, “Сор” /706.2 сая төгрөг/, “Ремикон” /356.8 сая төгрөг/, “АПУ” /184.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигджээ.
Нэг удаагийн арилжаагаар дунджаар 1.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 363.3 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.
Засгийн газрын болон компанийн бондын арилжааны тухайд: Засгийн газрын бондын арилжаа 2 удаа явагдаж, “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” зээлийн санхүүжилтэд зориулан гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 218.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 21.8 тэрбум төгрөгөөр арилжлаа. Арилжаанд ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Улаанбаатар хотын банкууд оролцож бондыг худалдан авсан байна.
“Жаст агро” компанийн гаргасан нийт 30.0 тэрбум төгрөгийн “Монгол мах” бондын эхний 10.0 тэрбум төгрөгийн бонд энэ оны 9-р сараас арилжаалагдаж эхэлсэн бөгөөд энэ сард нийт 36.2 мянган ширхэг бондыг 361.6 сая төгрөгөөр арилжсан байна.
Үнэт цаасны ханшийн тухайд
нийт 80 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 47 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтвортой байж.
Таван толгой, Багануур хамгийн өндөр үнэлгээтэй
ТОP-20 индекс 21257.67 нэгж байгаа нь өмнөх сараас 1499.71 нэгжээр буюу 7.6%, өмнөх оны мөн үеэс 8342.37 нэгжээр буюу 64.6% тус тус өссөн байна.
ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 21341.25 нэгж, доод үзүүлэлт нь 19737.69 нэгж, дундаж үзүүлэлт нь 20662.0 нэгж байна.
ТОP-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа Таван толгой (34.6%), Монгол шилтгээн (14.6%), Шивээ овоо (13.6%), Женко тур бюро (11.2%), Ремикон (11.0%), УИД (3.6)%, Багануур (3.3%), АПУ (1.3%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 287.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 284.5 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувь, өмнөх оны мөн үеэс 1113.6 тэрбум төгрөгөөр буюу 94.9 хувиар тус тус өссөн байна.
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Таван толгой, Багануур, Шивээ овоо, АПУ, Шарын гол, Бэрх уул, МЦХ, БиДиСек, Говь, Адуунчулуун, Могойн гол, Сүү, УБ БҮК, Хөх ган, Монголиа Девелопмент Ресорсес, Улаанбаатар ЗБ, Баянгол ЗБ, УИД, Баянтээг, Талх чихэр, Мах импекс зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 95.7 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 595.1 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ