ХАХНХЯ-нд гал гарсныг иргэд унтраажээ
Өнгөрсөн шөнө объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн гурван дуудлага ирсэн байна. Үүнийг нийслэлийн аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны байрны агааржуулалтын хоолой шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гарсан байна. Тэднийг очиход гадна хана дагуух бохир дамжуулах хуванцар хоолой шатаж байсныг иргэд унтраасан байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаан хуарангийн нэгдүгээр хэсэг 16 дугаар гудамжинд цахилгааны хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлага 14:36 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад АТП-1770-1 дугаартай цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг унтраажээ. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын нэгдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг гарчээ. Тэд 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.
Үүнээс гадна Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хог шатаж байсныг дуудлагын дагуу очиж унтраасан байна. Хог шатсан тухай дуудлага нийт дуудлагын 50 хувийг эзэлжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас ард иргэдийг хогийн цэгт хогоо хаяхдаа галтай үнс, зэргийг гүйцэд унтраалгүй хаяхгүй байхыг анхааруулж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ