Асуултууд ба асуудлууд
2013-07-26

бариад л босгоод л бид бүтээн байгуулалтыг өргөн хүрээнд хийж байна. Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох, уулзвар гудамж төсөл гээд бондоор бондойсон Монголд  олон төсөл бүтээн байгуулалт өрнөж байна. Зэрэгцээд ипотекийн зээл гарч иргэд байртай болох өргөдлөөрөө банкуудыг дараад байгаа гэж дуулдах боллоо.

Банкууд 3021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгоод байна. 23 хоногт 2099 өрх орон сууцтай боллоо гэсэн мэдээ байна.

.

Энэ олон сууцны хэд нь шинэ байр байгаа юм бол.

Нөгөө эрэлтээ нийлүүлт нь гүйцэж байгаа юм болов уу. 23-хан хоногт 2000 гаран байр эзэнтэй болж байна гэнэ. 30 саяын урьдчилгаа төлбөрийн босгоо давж чадахгүйгээс болж дараа больё гэж үлдэж байгаа иргэдэд дараа жил одоогийн үнээр байр авах найдлага хэр бол доо. Өнөө байрны эрэлт нь ихдэж, нийлүүлэлт нь багасаад, үнийн хөөрөгдөл болоод  байгаа юм биш үү? Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон сууцны барилга барихад 100 сая ам.доллар хийх, барилгын салбарын материал үйлдвэрлэлийг дэмжих ажил хаана явна.

.

Гадаадаас ажиллах хүч авахыг хэт нэг талыг барьсан хатуу бодлогоор хорьж байгаагаас барилгын хашаа нам гүмхэн ажил нь удаашралтай явагдаж байгааг салбарынхан хэлж байна. Монгол залуусаа ажиллуул гэсэн гэж байгаа, харамсалтай нь манай залуус ид найрын цагаар барилга барьж, шавар зуурч доошоо орохгүй. Богд Чингисийн удам юм болохоороо хот хөдөө дамнан ууж идээд, шавар зуурч тоосго өрөх хүн олдохгүй байна гэнэ. Ер нь ч монгол хэдээ олноор ажиллуулахаар зэрэгцээд хулгай хийх, хулхидахаас нь сэргийлж мөн төдий олон даамал хянагч ажиллуулах болдог, бэрх гэж байна. Энэ бол инээдэм егөө биш бөгөөд эхэлчихсэн байгаа барилгуудын ажил удаашралтай байгаа нь энэ ажиллах хүчтэй холбоотой байгаа нь үнэн юм.

.

Олон барилга, хороолол барих хэрэг гарах нь, газрын асуудал нь, усны асуудал нь, эрчим хүчний асуудлыг нь яаж шийдэх бол. Одоогийн байгаа нь лав хүнд л байгаа гэж яриад байгаа.

.

Гэр хорооллын иргэд тийм хурдан газраа чөлөөлж өгөөд нүүгээд байх уу. Газраа чөлөөлж бэлдэх талаар эхлүүлсэн ажил байна уу?

Цаашдаа энэ орон сууцныхаа төслийн санхүүжилтийг яах вэ. Зээлийн зөрүүг нь засгийн газар даагаад яваад байх уу? Жилийн инфляци 10 хувьтай явж байхад найман хувийн хүүтэй зээл гаргана гэдэг том эрсдэл гэж эдийн засагчид сануулсаар байна.

.

Орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа гажуудлыг яаралтай засах уу?

30 саяын урьдчилгаа мөнгөө хийж чадаагүйгээс төслийн гадна үлдэж, шинэ байруудыг санаашран харж зогсоо залуус байхад наймаа арилжаа хийдэг бэлэн мөнгөтэй хэсэг хүмүүс /орон сууцны ченж гэдэг/ найман хувийн хүүтэй зээлээр 2-3 байрыг барилгын компаниудаас худалдан авч үнэ нэмэн буцаан зарж байна. Үүнийг дагаад байрны үнийн хөөрөгдөл, байрны хомсдол хоёр зуузай холбон биднээс тасарч эхэлж байна.

.

Урьдчилгаа мөнгө нь хүрэхгүйгээс хашаа байшингаа нэмж барьцаалаад зээлд хамрагдая гэсэн олон залуусын хүсэлтийг эргэж харах талаар банкуудтай зөвлөлдөж ярилцах уу?

Бид байгалийн баялаг гэх гадагшаа гаргаж зардаг зэс, нүүрс энэ тэрхнээ харж дараагийн саруудад өндийх, бөхийхөө барагцаалж суудаг эдийн засагтай. Өнөөдөр нүүрс, зэсний үнэ уналттай байгаа сонсогдсоор байна. Нүүрс бас зах зээлээс шахагдаж байгаа гэсэн. Энэ бондын мөнгө бэлэг биш зээл болохоор нэг өдөр дуусна. Энэ мөнгө дуусахаар эдийн засгаа яаж тогтвортой байлгах талаар юу бодож төлөвлөж байгаа вэ?

.

Нийлүүлээд харсан нэг их бараан өнгөөр будсан асуулт болсон байна. Бас зарим нэгний хувьд хэтэрхий ойлгомжтой зүйл ч байж болох юм. Гэхдээ төрийн эрхмүүд, асуудал хариуцсан түшмэдүүд бидэнд хариулна байх.

.

Энэ хариултаас Ипотекийн зээл төлөвлөсөн шигээ урт хугацааны хөтөлбөр байх уу, зургаан хувийн хүүтэй зээл шигээ богинохон наслах уу гэдгийг нэлээн барагцаатай харагдаж болох юм. Сонгуулиа дуусгаж, наадмаа хийж сэтгэл хөдлөл маань нэлээн дарагдсан байгаа дээрээ төсөл хөтөлбөрөө сэргээн нэг харж, явц хэрэгжилтэд нь дүгнэлт өгч буруу ташаа гажуудсан зүйлсийг нь засч, зөв голдрилд нь оруулах ёстой.

.

Намрын усан бороотой бас завгүй өдрүүд эхлэхээс өмнө эдийн засагчид, эрдэмтэн мэргэдээ цуглуулж төсөл хөтөлбөрөө шүүн ярих хэрэгтэй юм. Засгийн газрын дэвшүүлсэн зорилтынхоо дор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дотор Асуулт бас Асуудал байна гэж тэд хэлээд байна. Тэдэнд асуулт төдийгүй анхааруулга ч их байгаа юм шиг байна шүү, Засгийн газрынхаан.

Зарим асуулт дотор хариултын 50 хувь байдаг гэдэг.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
sain unsh:
hevlel saituudaar zahialgaar bichuulsen niitleleere haruilaad baigaan bishuu ,unsh
2013-07-26