
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй удирдлага зохион байгуулалтын түвшинд хамтран ажилласнаар их өөрчлөлт ирнэ гэж манай тал мэдэгдэж ирсэн. Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл арилжааны орчин үеийн Millennium IT технологи нэвтрүүлэх, зах зээлийн бус эрсдлийг бууруулах, хүний нөөцийг сайжруулах зэрэг ажлуудыг хийнэ гэж Гүйцэтгэх захирал эрхэм нь хэлсэн байгаа. Мэдээж эдгээр бүх зүйлс нь хууль эрхзүйн таатай орчингүйгээр урагшлахгүй. Лондоноос томилогдсон удирдлага Билл Горман гол тулгамдсан асуудал хууль эрх зүйн орчин байна гэж байсан юм.
Тэрчлэн хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх үүднээс УИХ-д өргөн баригдах холбогдох багц хуулийн төслийн боловсруулалтад холбогдох мэргэжлийн гадаад дотоодын зөвлөхүүдийг татан оролцуулж, Монгол Улсын онцлог болоод олон улсын жишиг нийцсэн хууль эрх зүйн оновчтой тогтолцоог бий болгоно гэж буй.
Тэгэхээр хэтийн ийм зорилготой Монголын хөрөнгийн бирж дээр одоогийн байдлаар үнэт цаасны арилжаа хэрхэн явагдаж байна вэ гэдэг үүднээс есдүгээр сарын арилжааны тойм мэдээллийг хүргэе.
Тус сард нийт 22 удаагийн арилжаагаар 71 компанийн 4.8 сая ширхэг хувьцаа, 262.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бонд, 384.2 мянган ширхэг компанийн бондыг арилжиж, нийт 32.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Нийт гүйлгээний үнийн дүнгийн 6.3 хувь буюу 2.0 тэрбум төгрөгийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 81.8 хувь буюу 26.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын арилжааны гүйлгээний дүн, 12.0 хувь буюу 3.8 тэрбум төгрөгийг компанийн бондын арилжааны дүн тус тус эзэлж байна.
Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 4.4 тэрбум төгрөгөөр буюу 3.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буюу 40.6 хувиар тус тус буурсан байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 17.6 сая ширхэгээр буюу 4.7 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 292.1 мянган ширхэгээр буюу 5.7 хувиар тус тус буурсан байна.
Хувьцааны арилжаа
“Монгол эм импекс” ХК-ийн 2.4 сая ширхэг, “Ремикон” ХК-ийн 1.1 сая ширхэг, “Гермес центр” ХК-ийн 393.9 мянган ширхэг, “Женко тур бюро” ХК-ийн 263.6 мянган ширхэг, “Хөх ган” ХК-ийн 137.0 мянган ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн их арилжигдсан үнэт цаас юм. Арилжааны үнийн дүнгээр “Монгол эм импекс” /587.3 сая төгрөг/, “АПУ“ /209.7 сая төгрөг/, “Багануур” /166.1 сая төгрөг/, “Ремикон” /156.4 сая төгрөг/, “Шарын гол” /133.9 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигджээ.
Нэг удаагийн арилжаагаар дунджаар 91.1 сая төгрөгийн гүйлгээ хийж, 218.2 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.
Засгийн газрын бондын арилжаа
Энэ сард Засгийн газрын бондын арилжаа 2 удаа явагдаж, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 262.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 26.2 тэрбум төгрөгөөр арилжлаа. Арилжаанд Капитал, ХААН, Худалдаа хөгжил, Голомт, ING, Төрийн банкууд оролцож бондыг худалдан авсан байна.
Компанийн бондын арилжаа
“Жаст агро” компанийн гаргасан нийт 30.0 тэрбум төгрөгийн “Монгол мах” бондын эхний 10.0 тэрбум төгрөгийн бонд энэ 9-р сард арилжаалагдаж эхэллээ. Нийт 384.2 мянган ширхэг бондыг 3.8 тэрбум төгрөгөөр арилжсан байна.
Үнэт цаасны ханш
Нийт 71 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 36 үнэт цаасны ханш өсч, 31 үнэт цаасны ханш буурч, 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
ТОP-20 индекс
ТОP-20 индекс 19757.96 нэгж байгаа нь өмнөх сараас 361.05 нэгжээр буюу 1.8% буурч, өмнөх оны мөн үеэс 6750.87 нэгжээр буюу 51.9% өссөн байна.
ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 20170.83 нэгж, доод үзүүлэлт нь 19450.59 нэгж, дундаж үзүүлэлт нь 19767.35 нэгж байна.
ТОP-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа Монголиа девелопмент ресорсес (24.4%), УИД (15.5%), Шивээ овоо (13.7%), Шарын гол (12.1%), Багануур (11.4%), Сүү (10.3)%, МЦХ (8.6%), Талх чихэр (8.1%), Могойн гол (6.7%), Женко тур бюро (6.3%), Говь (3.0%), Ремикон (2.2%), Монгол шилтгээн (1.9%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус буурсан байна.
Зах зээлийн үнэлгээ
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 3.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 52.5 тэрбум төгрөгөөр буюу 2.6% буурч, өмнөх оны мөн үеэс 822.8 тэрбум төгрөгөөр буюу 69.7 хувиар өссөн байна.
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Таван толгой, Багануур, Шивээ овоо, АПУ, Шарын гол, МЦХ, БиДиСек, Говь, Могойн гол, Адуунчулуун, УБ БҮК, Сүү, Хөх ган, Бэрх уул, Монголиа Девелопмент Ресорсес, Улаанбаатар ЗБ, Баянгол ЗБ, УИД, Баянтээг, Талх чихэр, Мах импекс, Ээрмэл зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 94.3 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 442.1 тэрбум төгрөг болсон байна.
Бүртгэлтэй компаниуд
Сарын эцсийн байдлаар МХБ-д 334 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 100 хувь төрийн өмчтэй 23, төрийн өмчийн оролцоотой 29, 100 хувь хувийн өмчийн 282 хувьцаат компани байна. Бүртгэлтэй ХК-иудаас он гарсаар 139 компани ХНХ хуралдуулахаар зарласан байна.
Брокер дилерийн компани
Сарын эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл авсан 63 брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас андеррайтерийн эрхтэй компани 20, гадаадын хөрөнгө оруулалттай компани 16, хувьцаат компани 2, арилжааны банк 1 байна.
Тухайн сард үнийн дүнгээрээ хамгийн их үнэт цаас арилжсан брокер дилерийн компаниудын тоонд БиДиСек /28.2 тэрбум төгрөг/, Капитал маркет /3.4 тэрбум төгрөг/, Ти Ди Ви Капитал /2.0 тэрбум төгрөг/ орсон байна.
Харилцагч
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид харилцах данстай харилцагчдын тоо 522.6 мянгад хүрчээ. Мөн харилцах данстай аж ахуйн нэгж 1441 байна. Энэ сард нийт 10,491 харилцах данс нээгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ