
ДБЭТ-ийн дуучин Э.Амартүвшин Плачидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Түүний гаргасан энэхүү амжилтад Ц.Ерөө багшийг дурсахгүй өнгөрч болохгүй.
Мөн багшаас гадна уран бүтээлч хүний арыг сайн дааж явдаг бас нэгэн хүн нь түүний гэргий Д.Туяа юм. Тэрбээр эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд ДБЭТ-ын гоцлол дуучнаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Д.Туяа Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн аж.
Тэрбээр Плачидо Домингогийн нэрэмжит тэмцээнд орох мөчид бүрт ханьдаа хамгийн сайн туслагч нь байсан гэдэг. Тэмцээний үеэр ханийнхаа дуртай Монгол хоолоор хүч тэнхээг нь сэлбэж байсны үр дүнд түүний хань энэ том тэмцээнд тэргүүн байр эзэлсэн нь дамжиггүй.
Тэрбээр ханиа байгалиас заяасан сайхан хоолойтой дуучин гэдгийг сайн мэддэг бөгөөд тэмцээнийг ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй хамт үзэн "Нэгдүгээр байр Э.Амартүвшин Монголиа" гэж зарлахад хоёулаа хашгираад, нулимс дуслуулан сууж байжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ