УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх театрын үе үеийн уран бүтээлч, ажилтан, албан хаагчидтай уулзаж, ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн, үндэсний өв соёл, хэл, түүхийг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж ирсэн хамт олонд талархал илэрхийллээ.
Тус театр 95 жилийн хугацаанд үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн, хүүхдийн, туульсын зэрэг 400 гаруй жүжиг тайзнаа толилуулжээ.
1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд Улсын төв театр байгуулах шийдвэр гарснаар Монголын анхны мэргэжлийн театрын түүх эхэлсэн бөгөөд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр үзэгчдэд үүд хаалгаа нээж байв.
Өдгөө театрын хамт олон 2031 он хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор үндэсний театрын хөгжил, судалгаа, сургалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
95 жилийн турш Монголын тайзнаа түүх, соёл, хүний амьдралыг амилуулсан үе үеийн уран бүтээлчдэд баярын мэнд хүргэе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ